Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой цогц арга хэмжээ авна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой цогц арга хэмжээ авна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзсан.

Тулгамдаж байгаа асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхээр холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал:

– 2022 оноос шинэ хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлуулах

– Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийг үе шаттай бэлтгэх

– Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй ажлын байрны төлбөрийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах

– Төрийн бус байгууллагатай хамтран ажилд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулах, мэргэшүүлэх, суралцах орчин бүрдүүлэх, суралцагчдын тоог нэмэх- Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлтийг сайжруулах

– Боловсролын цогц үйлчилгээ нэвтрүүлэх

– Орон сууцжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлэх

– Нийтийн тээвэр, барилга байгууламж, гудамж, талбай зэргийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй хэлбэрээр тоноглох, тохижуулах

– Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас дэмжлэг үзүүлэх зэргийг хэлж болно.

25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах ёстой. Ажиллуулаагүй бол тодорхой хэмжээний төлбөр төлдөг.

Төрийн байгууллагууд төлбөр төлөх бус, ажилд авч байхад түлхүү анхаарахыг Ерөнхий сайд чиглэл болгож, аж ахуйн нэгжүүдийг уриаллаа.

Ерөнхий сайд нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр “Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”-ийн тэргүүн Ч.Ундрахбаярыг ажиллуулж, сарын дотор орон тооны зөвлөхийн албан тушаалд томилох болжээ.

Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд энэ нь хүн амын 3.2 хувь гэсэн үг юм. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 13,629 иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Ирэх оноос Улаанбаатар хот, Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүд ажиллаж эхлэх юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.