Бразилын шигшээгийн захидал: Бразилд хүүхэд төрөхөд хөлбөмбөгийн фанат мэндэллээ гэдэг…

Бразилын шигшээгийн захидал: Бразилд хүүхэд төрөхөд хөлбөмбөгийн фанат мэндэллээ гэдэг…

Нөгөөдөр буюу зургаадугаар сарын 11-нд Америкийн цомын тэмцээн эхэлнэ. Сарын хугацаанд Бразилд тус тэмцээн болох юм. Колумб, Аргентин хамтран зохион явуулахаар тогтсон ч Колумбын улс төрийн нөхцөл байдал хурцадмал, харин Аргентинд коронавирусийн цар тахлын дэгдэлт их байгаа учир эрхийг нь хасч, Бразилд шилжүүлсэн.

Бразилд мөн коронавирусийн цар тахлын дэгдэлт их байгаа учир шигшээ багийн хөлбөмбөгчид эх орондоо тус тэмцээнийг зохион явуулах нь эрсдэлийг улам гааруулж, өвчлөлийг нэмнэ гэж үзснээр эсэргүүцсэн. Гэвч эцэстээ тус тэмцээнд оролцохоос татгалзсан шийдвэрээсээ буцаж ил захидал бичснээр тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгдлээ.

“Бразилд хүүхэд төрөхөд хөлбөмбөгийн фанат мэндэллээ гэдэг. Энэ жил манай улсад болох гэж буй Америкийн цомын тэмцээнтэй холбоотойгоор бид 200 сая фанатдаа хандан энэ захидлыг тэрлэж байна. Бид олон янзын үзэл бодолтой ч эв нэгдэл сайтай баг. Хүмүүнлэгийн болон мэргэжлийн гээд янз бүрийн шалтгааны улмаас бид Америкийн цомын тэмцээнд оролцож буйдаа сэтгэл дундуур байгаа юм. Тэмцээн Бразилд болно уу, Чилид болно уу, ялгаагүй. Бидний байр суурь адилхан л байх болно.

Бид энэ асуудлыг улстөржүүлэх санаа огт байгаагүй гэдгийг цохон тэмдэглэе. Бидний байр суурь, үзэл бодол хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөөр цацагдаж, түүнийг дагасан хариуцлага бий болж буйг ойлгож байна. Мөн үүнтэй зэрэгцүүлэн худал мэдээлэл тараахаас сэргийлж, бодит эх сурвалжийн зүгээс мэдээллээ түгээх нь зөв гэж үзлээ.

Бид мэргэжлийн хөлбөмбөгчийн үүргээ гүйцэтгэх ёстой гэдгээ ойлгож байна. Дэлхийн таван удаагийн аварга багийн шар-ногоон өмсгөлтэйгээ талбайд гарч хийх ёстой тоглолт, хүрэх ёстой амжилт гэж бий. Бид Америкийн цомыг эсэргүүцэж байгаа ч хэзээ ч Бразилын шигшээдээ тоглохоос татгалзаагүй юм шүү” хэмээн мэдэгдэлд дурьджээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.