Цар тахалтай тэмцэж буй Улсын онцгой комисст талархах шалтгаан байна

Цар тахалтай тэмцэж буй Улсын онцгой комисст талархах шалтгаан байна

Дэлхий нийтийн айдаст автуулсан Ковид 19 цар тахлын улмаас 173 сая хүн өвчилж, 3 сая 744 мянган хүн эндээд байна. Аймшигт цар тахлын эсрэг улс орнуудын Засгийн газар бүхий л нөөц боломж, хүч чадлаа дайчлан ажиллаж буй. Манай улсын Засгийн газар, Улсын онцгой комисс дэлхийн бусад улс орнуудаас дутахааргүй зарим талаараа илүү гарах хэмжээнд амжилттай, сайн ажиллаж байна.

Халдварын тоо, нас баралтын тохиолдол буурахгүй байгаад иргэн таны бухимдал төрж байгаа ч нөгөө талд “тулааны талбарт” эмч, цагдаа, онцгойгийнхон цаг минут бүрийг алдахгүйн тулд ажиллаж байна. Нөхцөл байдал сайнгүй байгаа ч эмч, цагдаа, онцгойгийн алба хаагчид УОК-ийн ажилчдын хүчин чармайлтаар “энэтхэг” шиг болчихоогүй байна.

Тэд иргэдийнхээ эрүүл мэнд, улс орныхоо аюулгүй байдлын төлөө унтах нойроо хугаслан, идэх хоолоо хагаслан, үр хүүхэд, аав, ээж, хань ижилтэйгээ хамт байх эрхээсээ татгалзан ажиллаж байна. Галын шугамд ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг удирдан чиглүүлж, ажиллах боломж нөхцөлийг Улсын онцгой комисс ханган ажиллаж байгаа. Монголчууд бид дотооддоо халдвар алдсан цагаас хойш УОК-ыг ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжлэх болсон. Гэвч тэд өнөөдрийг хүртэл бууж өгөлгүй ажиллаж байгаан үр дүнд Монголчууд вакцинтай золгож, амны хаалтнаас салахад ойртож буй. Үүнийх нь төлөө УОК, Шадар сайдад “баярлалаа” гэж хэлсэнгүй.

Өдөр бүр аюултай нүүр тулан ажиллаж буй эмч, цагдаа, цэрэг, онцгойгийнхны ганцхан хүсэл нь цар тахлын нөхцөл байдлыг дарж авах. Цар тахалтай тэмцэх нь эмч, цагдаа, төрийн үүрэг хэдий иргэний таны үүрэг үүнд хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Засгийн газар, Улсын онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдалтай уялдсан шийдвэрийг гаргаж байгаа ч иргэн та шийдвэрийг эс биелүүлвэл нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Тэгэхээр одоо вакцин хийлгэхгүй гээд гүрийж суухын оронд өөрт байрлах хамгийн ойр дархлаажуулалтын цэгт очоод вакцинаа хийлгэ. Ингээд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах нь иргэн таны өөртөө болон төрөөс явуулж буй олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг дэмжин тусалж байгаа хэрэг.

Энхийн цагт эх орон тэднийг дуудаж, тэд ч тушаал авсан цэрэг шиг ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд өөрийн биеийг үл хайхран ажилласаар байна. Эмч, цагдаа, цэрэг, онцгойгийнхон бол дэлхий нийтийг айдаст автуулсан коронавирус хэмээх “дайн”-д тулалдаж буй энэ цагийн эрэлхэг баатрууд юм. Тэд ч бас аваал гэргийтэй, ардаа нөхөртэй, аав, ээжтэй, үр хүүхэдтэй, махтай, цустай, эцэж цуцдаг хүн. Тэднийг хэдэн цагт ирэх бол гэж хоолоо байн байн халаан хүлээх эхнэр, нөхөр, хошуу дэвсэн угтах ээж, аав, хуруугаа даран цаг харах үр хүүхэд бий.  

Энэ бүгдийн хариуг иргэн та гэрээсээ гаралгүй, хорио цээрийн дэглэмийг ягштал баримталж хариулахаа ч мартваа. Ингэж байж бид аюулт өвчнөөс өөрсдийгөө, гэр бүлээ, хайртай бүхнээ хамгаалж чадна. Эцэст нь тэднийг ажиллах нөхцөлөөр хангаж, зөв удирдан чиглүүлж буй Улсын комисст “баярлалаа”.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.