Зураач залуу сэтгэлт бүсгүйгээ 11 жилийн турш урландаа нуужээ

Зураач залуу сэтгэлт бүсгүйгээ 11 жилийн турш урландаа нуужээ

Энэтхэгийн Палгхат  хотноо саявтархан олон хүний сэтгэлийг хөдөлгөж, гайхшруулсан нэгэн явдал ил болжээ. Болливудын киноны зохиол мэт энэ адал явдлыг хайр сэтгэлтэй хосууд өөрсдийн бодит амьдралаар бүтээн туулсан байна.

2010 оны хоёрдугаар сарын 2-нд Палхгат хотын 18 настай Сажита хэмээх бүсгүй гэнэтхэн ор сураггүй алга болжээ. Эцэг эх нь охиноо сураггүй алга болсон тухай Цагдаагийн газарт мэдэгдэж, эрж хайсан ч олоогүй гэнэ.

Гэтэл охин нь гэрээсээ ердөө 500 метрийн зайд орших нэгэн зураач залуугийн урланд нуугдаж, бүтэн 11 жилийн турш хамт амьдарчээ. Тухайн үед 24 настай байсан зураач Рахман сэтгэлт бүсгүйтэйгээ хамт амьдрахыг хүссэн ч гэлээ шашин шүтлэг зөрсөн тул эцэг эх нь хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байж. Ингээд бүсгүй залуугаа эцэг эхдээ огт танилцуулалгүй, мөн мэдэгдэхгүй байсаар нэг л өдөр хайртай залуугийнхаа урланд нуугдан очиж, тэндээсээ гаралгүй олон жилийн турш амьдарчээ.

Залуугийн урлан гэдэг нь түүний гэр. Гэрээ өргөтгөөд урлан болгочихсон гэнэ. Урлан руугаа тэр хүн оруулдаггүй. “Энэ бол миний ажлын өрөө. Миний эрх чөлөө” гээд ойртуулдаггүй гэнэ. Бүр нууцаар орох гэж оролдож магадгүй гээд хаалгыг онгойлгох гэж үзвэл цахилгаанд цохиулах тохиргоо хүртэл хийжээ.

Мөн залуу гэнэт л их хоол таваглаж, хагасыг нь идчихээд “Үлдэснийг нь урландаа орж байгаад иднэ ээ” гэдэг болчихож. Энэ мэтээр бүтэн 11 жил тэд хамт амьдарсан байна.

Гэлээ ч 11 жил сайн нуусны эцэст гэр бүлийнхэнтэйгээ муудалцаж, мөн л нууцаар зэргэлдээх хотод байр хөлслөн амьдрах болсон нь нууц илрэх гол шалтгаан болжээ. Зураач залуу гэр бүлийнхэнтэйгээ муудалцсаныхаа дараахан мөн л сураггүй алга болчихож. Гэр бүлийнхэн нь Цагдаад мэдэгдэж, хайлгасан ч олдсонгүй.

Гэтэл ах нь нэг өдөр гудамжаар явж байгаад мотоцикл уначихсан давхиж яваа дүүгээ харж, баярлан очтол өнөөх нь зугтаажээ. Дүүгийнхээ энэ хачин занд гайхсан ах нь цагдаад мэдэгдэж, дахин эрэл хайгуул хийснээр дүүг нь олоход яагаад зугтсан, юу нууж өдийг хүрснээ сэтгэлт бүсгүйнхээ хамт ярьж, гайхшруулсан гэнэ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.