Лампард: Ялалтын суурийг нь би тавьсан юм шүү! гэх мэтээр…

Лампард: Ялалтын суурийг нь би тавьсан юм шүү! гэх мэтээр…

Английн “Челси”-гийн ахлах дасгалжуулагчийн ажлаас улирлын дундуур халагдсан 42 настай Фрэнк Лампард баг нь явсаар Аваргуудын лигт түрүүлсэн талаар болон халагдсан тухай нь асуухад ийм хариулт хэлжээ.

“Ер нь хэн ч халагдья гэж боддоггүй байх. Хэдийгээр халагдсан ч гэлээ би “Челси”-тэй муугүй харилцаатай. Халах, халагдах явдал хөлбөмбөгийн ертөнцөд бишгүй л гардаг. Гашуун үнэн нь ийм спорт шүү дээ.

Болсон явдлаас хойш хэдэн сарын дараагаар эргээд бодоход, хэсэг зуур амарсандаа баяртай байна. Мөн “Челси”-д байхдаа хийсэн ажилдаа ч сэтгэл дүүрэн байгаа. Ийм аугаа клубыг удирдана гэдэг миний хувьд том олз байсан юм.

Клуб наймааны хориг тавиулж, дээр нь Эден Азар явсан үед би очсон. Гэлээ ч бид Аваргуудын лигийн эрх авах гэж их хөдөлмөрлөсөн. Мөн Мэйсон Маунт шиг залуу хөлбөмбөгчдийг улам хөгжүүлж сайжруулахыг их хичээсэн. Тиймээс би ажилдаа сэтгэл өег яваа. Их ч туршлага хуримтлуулсан.

Аваргуудын лигийн аварга болохыг хараад холимог гэмээр сэтгэгдэл төрснөө нуухгүй ээ. Өөрийнхөө эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, дуусгахсан гэж хүн бүр боддог биз. Надад ч гэсэн тийм л бодол төрж байлаа. Гэхдээ энэ ялалтын суурийг би тавьсан юм шүү гэх мэтээр ярихыг би хүсэхгүй. Томас үнэхээр гайхамшигтай сайн ажиллаж, багаа ялалтад хүргэлээ.

Би клубтэй маш ойр харилцаатай хүний хувьд их баярласан. Тэгээд ч “Челси” азаар биш хүчээрээ түрүүллээ шүү дээ. Мөн Рис Жэймс, Мэйсон Маунт, Бэн Чилуэлл гээд миний үед багт ирсэн залуусынхаа өмнөөс их баярласан. Тэднээрээ бахархаж байлаа.

Дасгалжуулагчийн ажил сайхан. Хэцүү сорилт, дарамттай тулж, түүнийг давж гарахын төлөө тэмцэж буй тэр мөчүүдийг дахин мэдрэхийг их хүсч байгаа учраас мөдхөн дахин ажиллаж эхэлнэ” хэмээн Лампард өгүүлжээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.