С.Амарсайхан: Цар тахлаар далимдуулан бизнес хийж буй тохиолдол бий

С.Амарсайхан: Цар тахлаар далимдуулан бизнес хийж буй тохиолдол бий

Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий УИХ-ын Түр хорооны хурал болж байна. 

Шадар сайд С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал асар хүнд байна. Хатуу хөл хорионы дараа эдийн засгаа сэргээхээр худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээсэн ч халдварын тархалт нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан судалгааны хүрээнд хийгдэж байна. Эрүүл мэндийн салбарынхан судалгаа хийж байгаагаас анхаарал татсан нь урт хугацаанд манай оронд тархсан вирусийн шинэ төрөл дахин халдвар дэгдээх үндэслэл болох магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл гадаад улсад тархаж буй мутацид орсон вирусийн ижил төстэй хувилбарууд манайд эрчимтэй тархсан байх магадлал өндөр байна гэж эрдэмтэд дүгнэж байна. Иймээс бид нэн хүнд байгаа өвчтөнүүдийг тоог багасгах, нас баралтыг бууруулахаар ажиллаж байна” гэж хэллээ. Ийнхүү Шадар сайд мэдээлэл өгсний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Одоо халдвар даамжирсан шалтгаан юу вэ? Миний бодлоор вакцины бодлогоо гарга гэж ҮАБЗ-д анхааруулсан ч гурван тийш харсаар энд тэндээс айлуудын хаясан вакцин хийсэн.Вакцинжуулалтаар тэргүүлж байна гэсэн ч одоо өвчлөл гаарлаа. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болилоо. Иргэд хэт тайвширснаас анхаарал суларсан нь мөн нөлөөлөв. Ерөнхийлөгчийн сонгууль ч нөлөөллөө. УИХ хоёр долоо хоног хуралдаагүй. Гишүүд бүгд орон нутаг руу явж , иргэд хоорондоо контакт үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн. тэгээд Хойд Солонгосын удирдагчийг угтаж байгаа мэт аягласан. Спутник вакцин хэзээ авчрах вэ?

Шадар сайд С.Амарсайхан: Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон нь үнэн. Мөн гэрээр 8000 орчим иргэн тусгаарлагдсан. Тусгаарлах байруудыг сайн бэлдсэнээр эмнэлгийн орноос 1 дахин олон хүн тусгаарлах байруудад эмчлүүлж байна. Дархлаажуулалтын ажил бүрэн дуусаагүй байна. Бид халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстой. Вакцин хийлгээд тайвширч болохгүйг мэргэжлийн байгууллагаас сануулсаар ирсэн. Хүн амын 36.5 хувь буюу нэг сая гаруй хүүхэд вакцинд хамрагдаагүй байна. Энэ долоо хоногт 12-17 насны хүүхдүүдийг “Файзер” вакцинд хамруулна. Амралтын газруудыг хаана. Хоолны газруудад заалаар үйлчлэхийг хориглоно. Халдвар авсан нийт иргэдийн арван хувь нь вакцин хийлгэсэн иргэд байна. Өмнө нь ХӨСҮТ-ээс бүх эмчилгээний удирдамжаар хангадаг байсан. Одоо өрхийн эмнэлгүүд эмчилгээ хийж байгаа тул шат бүрд эмчилгээ хийж байна. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд  орлоо. Онцгойгийнхон, цагдаа нар ч сүүлийн нэг жилд ээлжгүй ажиллаж байна. Эмийн ханамжид бид онцгой анхаарч байна. Цар тахлаар далимдуулан бизнес хийж буй тохиолдол бий.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:  Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж, Спутник V вакциныг авахаар ажиллаж байна. бидэнд ОХУ-ын талаас хэзээ нийлүүлэх талаар хариу өгөөгүй байна. Энэ вакцины хоёр дахь тунг эхний тунгаа хийлгэснээс хойш 21-90 хоногийн дотор хийлгэнэ. Хэдий чинээ олон хоногийн дараа тариулна, төдий чинээ үр дүн сайтай.     

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Ковидын халдвар авч гэрээр эмчлэгдэж байгаа хүн хамгийн багаар бодоход 150-200 мянган төгрөгийн эм бэлдмэл авах нь иргэдэд маш хүнд тусаж байна. Иймээс эмийн компаниудын монополь эрхэд тодорхой хэмжээний хязгаарлалт хийх, эмийн үнийг бууруулах, даатгалд хамруулах, эмийн сангуудад тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй байна.  ​

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг: Вирусийн эсрэг эм харилцан адилгүй үнэтэй. Сүүлийн үед эмийн үнийг хөөрөгдүүлэх хандлага гарч байгаатай холбогдуулан өчигдөр эмийн зөвлөл хуралдаж, нэг удаагийн импортын лиценз оруулж ирэхдээ мэдүүлсэн мэдүүлгийг буюу ямар үнэтэйгээр санал болгож зөвшөөрөл авсан гэдгийг нь олон нийтэд ил тод зарлаж байх шийдвэр гарсан. Ингэснээр вирусийн эсрэг эм ямар үнээр бүртгэгдсэн гэдгийг иргэд мэдэх боломжтой болно. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.