ҮСХ: Монгол Улсын нийт өрхийн 53.8 хувь ЗЭЭЛТЭЙ байна

ҮСХ: Монгол Улсын нийт өрхийн 53.8 хувь ЗЭЭЛТЭЙ байна

Үндэсний статистикийн хорооноос Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2021оны 1 улирлын танилцуулгыг хийлээ. Энэ үеэр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 58.6 (3.9%) мянган төгрөгөөр буурч, харин өмнөх улирлаас 25.5 (1.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг танилцууллаа. 

Улсын дунджаар 2021 оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлогын 92.3 хувийг мөнгөн орлого, 3.1 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 4.6 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна. Өрхийн сарын дундаж нийт орлогыг хот, хөдөөгөөр нь авч үзвэл, хотод 1.5 сая төгрөг, хөдөөд 1.3 сая төгрөг байна. Хотын өрхүүдийн сарын дундаж нийт орлого хөдөөгийн өрхүүдээс 211.5 (16.2%) мянган төгрөгөөр их байна. 

Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд, 2021 оны эхний улиралд цалин хөлсний орлого 51.3 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 27.0 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 8.0 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 5.6 хувь, бусад орлого 8.1 хувийг тус тус эзэлж байна. 

Харин өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2021 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 105.1 (6.7%) мянган төгрөгөөр буурч, харин өмнөх улирлаас 2.7 (0.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ. 

Улсын дунджаар 2021 оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт зарлагын 92.4 хувийг мөнгөн зарлага, 3.1 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 4.5 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний зарлага эзэлж байна. 

Улсын хэмжээнд 2021 оны эхний улирлын байдлаар нийт өрхийн 53.8 хувь буюу 489.5 мянган өрх зээлтэй амьдарч байгаа нь өмнөх оны мөн үеэс 7.9 пунктээр буурсан байна. Нийт зээлтэй өрхийг зээлийн төрлөөр нь авч үзэхэд 218.3 (44.6%) мянган өрх цалингийн зээлтэй, 160.5 (32.8%) мянган өрх бусад төрлийн зээлтэй, 97.4 (19.9%) мянган өрх хэрэглээний зээлтэй, 93.0 (19.0%) мянган өрх орон сууцны зээлтэй, 48.9 (10.0%) мянган өрх тэтгэврийн зээлтэй байна. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.