Генсек Д.Амарбаясгалангийн дараалсан ялалт буюу МАН дахь энэ зуны улс төр

Генсек Д.Амарбаясгалангийн дараалсан ялалт буюу МАН дахь энэ зуны улс төр

Сүүлийн сонгуулиудаар МАН бүх шатандаа ялалт байгуулсан. УИХ-д олонх болж, Засгийн газраа байгуулж, Орон нутгийн эрхийг авлаа. Сая Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа. Мэдээж энэ бүхнийг зөв стратегиар удирдаж сонгуульдсан хүн бол Д.Амарбаясгалан. С.Баярын дараах стратегич гэж ам урцалдан магтуулахад хүрсэн нь МАН-ын дараалсан ялалтууд. Маргах юм алга. Түүний уран нүүдлүүд энэ олон сонгуулийг ялалтаар төгсгөлөө. Генсекийнхээ ажлыг солих боломж ялалт бүрийн ард түүнд нээлттэй байсан. Гэвч намын гал тогоог манаж үлдсэн нь МАН-д хэрэг боллоо.

Энэ удаа харин яах бол. Намын даргын ээлжит өрсөлдөөн дотооддоо өрнөсөн энэ үед дараагийн намын дарга хэн бэ гэдэг асуудал хурцдаад байна. МАН-ын дараагийн даргад Д.Амарбаясгалангийн нэр дуулдаад эхэлсэн.

Дүрмээрээ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын даргаа авах ёстой. Гэвч коронагийн нөхцөл байдал, зарим сайд нарын алдаатай үйл ажиллагааг илт шүүмжлээд ирвэл Засгийн газар цаашид яах бол гэсэн асуулт гарч ирнэ. Үүн дээр улстөржилт ч нөлөөлнө. Бүр цаашлаад ирэх аравдугаар сар хүртэл барьж байгаад Засгийг огцруулах нь гэсэн мэдээлэл явж байгаа. Хэдийгээр Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс дуртай нь өөрчлөөд байх боломжгүй хуультай болсон ч аль цоорхойг хэлж барахав дээ. Хүсвэл унагаж л орхино.

Сү.Батболд, М.Энхболд нар Засгийн газрыг цаашлаад намын даргыг авч өөрсдийн хүмүүсээрээ бүрдүүлэх нь гэдэг бол зориудаар тарааж буй мэдээлэл юм.

Д.Сумъяабазарын хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй дөрөө нийлүүлж яваа. Нэг сая хүнтэй хотын дарга коронагийн тархалт ихсээд байгаад анхаарал хандуулах шаардлагатай байна. Эрүүл иргэдтэй байж л ажил, амьдрал цааш явна шүү дээ. Тэрнээс аж ахуйн ажил яриад л Онцгой комисс, Эрүүл мэндийн сайд руу бурууг чихээд өөрөө сугарч үлдэж болохгүй. Коронатай хүчтэй тэмцэж үлгэрлэл манлайлал үзүүлмээр байна.

Коронагийн тархалтыг сонгууль, одон медаль тарааж бөөнөөр нь тарааж байгаатай холбон иргэд дургүйцэж байгаа. Намын даргын төлөөх марафонд нэр нь яригдаж байгаа хүний нэг нь хотын дарга Д.Сумъяабазар. Тэрээр өөрөө биш байлаа гэхэд Л.Оюун-Эрдэнийг дэмжинэ. Л.Оюун-Эрдэнийн хувьд намын дарга болохын тулд хотын намын хорооны гишүүдийн дэмжлэг хэрэгтэй. Тиймээс Д.Сумъяабазартай энэ тал дээр хамтарна. Бас нэг мэдээлэл нь Засгийн газрыг хөдөлгөхийн тулд хамгийн түрүүнд Байгаль орчны сайд, Соёлын сайд хоёрыг золионд гаргах гэж МАН-аас АН-ын УИХ дахь гишүүдэд захиалга өгсөн гэх. Нэг үгээр хүний гараар могой бариулах тактик. Ингэж сайд нарын золигт гаргаад дараагийн Ерөнхий сайд, намын даргыг гаргаж ирэх хувилбар явж байна. Бүр аравдугаар сард Засаг унаж, МАН-д том хөдөлгөөн өрнөнө гэж үзэж байна. Намын даргад яригдаж байгаа нэг хүн нь Ч.Хүрэлбаатар. Ч.Хүрэлбаатарын хувьд аль ч фракцаас дэмжлэг авах бүрэн бололцоотой.

Мөн МАН-д өрнөөд байгаа улс төр бол Ерөнхийлөгчийн багт орох гэсэн хүмүүсийн өрсөлдөөн. Тамгын газрын дарга хэн болох талаар ид яригдаж байна. Сонгуульд голлож ажилласан Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын нэг нь болох уу. Болоогүй нэг нь Эрдэнэтийн захирлаар очих уу гээд л хөвөрч байна даа.

Одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад Я.Содбаатар, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр гэх хувилбар явж байна. Үүнээс гадна нөхөн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг асуудал мөн л энэ зуны улс төрийн нэг хэсэг болно. Н.Энхбаярыг хүү Э.Батшугартайгаа Хэнтий, Сонгинохайрханы нөхөн сонгуульд МАН-аас өрсөлдөнө гэсэн мэдээлэл явсан. Угтаа бол Н.Энхбаяр нөхөн сонгуульд өрсөлдөхгүй, хүү Э.Батшугар нь өрсөлдөх магадлал өндөр байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.