Үндэсний ном, бичиг соёлын өдрийг жилд 2 удаа нийтээр тэмдэглэх ч бүх нийтээр амрахгүй

Үндэсний ном, бичиг соёлын өдрийг жилд 2 удаа нийтээр тэмдэглэх ч бүх нийтээр амрахгүй

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.”, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.7 дахь хэсэгт “Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг байна”, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1 дүгээр зүйлийн 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжпал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж тус тус заасан.

Дэлхийн 100 гаруй улс оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэдэг, зарим улс орон үндэсний баярын хэмжээнд хүндэтгэн дээдэлж, тэмдэглэсээр иржээ. Тэдгээр орнууд энэ өдөр бие биедээ ном бэлэглэж, зохиолч, нийтлэгчид өөрсдийн ном зохиолоо түгээн дэлгэрүүлэх зэргээр тэмдэглэж өнгөрүүлдэг байна.

Манай улсын хувьд 2000 оноос эхлэн зарим төрийн бус байгууллага өөрсдийн санаачилгаар “Үндэсний номын баяр”-ыг олон янзын хэлбэрээр тэмдэглэж ирсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гаригт “Номын баярын өдөр” арга хэмжээ улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэснээр зохиолч, хэвлэн нийтлэгчид болон уншигчид уг арга хэмжээнд идэвхтэй оролцож, жилээс жилд хүрээгээ тэлсээр өдгөө иргэд, хүүхэд залуусын хүсэн хүлээдэг тэмдэглэлт өдрүүдийн нэг болжээ.

Иймд иргэдийн ном унших идэвх, санаачилгыг дэмжих, гэр бүл, байгууллагын номын сангийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн уншигчдыг төлөвшүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг бодитой үнэлэхэд дэмжлэг болох, ном уншлагыг дэмждэг хэвлэлийн компани, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, номын үйлчилгээ, хүртээмжийг иргэдэд ойртуулах зорилгоор номын баярыг жил бүр нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх эрэлт, шаардлагыг үндэслэн нэр бүхий гишүүд  уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслөөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн 5.1.17 дахь заалтыг нэмэхээр зохицуулжээ.

Хууль батлагдсанаар хууль хэрэгжүүлэхтэй холбоотой ямар нэгэн зардал гарахгүй гэдгийг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдаад Үндэсний ном, бичиг соёлын өдөртэй болсноор бүх нийтийн амралтын өдрийг нэмж байгаа бус энэхүү өдрийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдөр буюу бямба, ням гарагт нийтээр тэмдэглэдэг байхаар зохицуулж буйг онцоллоо.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ё.Баатарбилэг нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд гишүүдийн асуултад төсөл санаачлагч гишүүн Б.Саранчимэг, Ч.Ундрам нар хариулт өгсөн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.