Нийт шүүгчийн анхдугаар чуулганы товыг хойшлуулжээ

Нийт шүүгчийн анхдугаар чуулганы товыг хойшлуулжээ

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Бүх шатны шүүхийн шүүгчээс бүрдсэн хуралдаан /цаашид “Нийт шүүгчийн чуулган” гэх/-ыг хоёр жил тутам зохион байгуулна.”, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20.9-д заасан ажлын хэсэг Нийт шүүгчийн чуулганыг уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно.” гэж тус тус заасны дагуу Нийт шүүгчийн анхдугаар чуулганыг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр товлон хуралдуулахаар тогтоож, хуульд заасан тодорхой ажиллагааг хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцээд 16 дугаар тогтоол гаргажээ. Уг тогтоолоор коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлттэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүний сонгон шалгаруулалтыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан 120 хоногийн дотор зохион байгуулах боломжгүй болсон тул Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд нэн яаралтай өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. 

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдал хүндэрч, нийт 17 аймаг (2021.06.16-ны өдрийн байдлаар)-ийн нутаг дэвсгэрт бүрэн буюу хэсэгчилсэн хөл хорио тогтоож, зорчих хөдөлгөөнийг хязгаарласны улмаас зарим шүүгчид чуулганд оролцох боломжгүй болох, халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл өндөр байгаа тул Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цахимаар хуралдаж, чуулганы товыг тодорхой бус хугацаагаар хойшлуулах тухай тогтоол гаргалаа. 

Цаашид Нийт шүүгчийн анхдугаар чуулганы товыг холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газар, Улсын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу онцгой байдлын болон эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлан дахин тогтоож, мэдээлэх болно. 

НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.