Герман-Португал: Лёв, Бруно, Сантушийн тоглолтын өмнөх яриа!

Герман-Португал: Лёв, Бруно, Сантушийн тоглолтын өмнөх яриа!

Европын АШТ-ий F хэсгийг үхлийн хэсэг гэж нэрлэж байгаа. Дэлхийн дөрвөн удаагийн аварга Герман, Европын аварга Португал дээр Дэлхийн аваргын алдрыг эзэмшиж, алтан цомыг хадгалж буй Францын шигшээ энэ хэсэгт орсон тул Үхлийн гэхээс өөр юу гэх билээ.

Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 00:00-ээс Герман-Португалын шигшээ багийн тоглолттой. Эхний тойрогт Германы шигшээ Францад 0:1-ээр хожигдсон бол Португалын шигшээ Унгарыг 3:0-ээр хожсон. Өөрөөр хэлбэл, Германы шигшээ энэ тоглолтод заавал хожих үүрэг даалгавартайгаар гарах юм.

Тоглолтын өмнөх хэвлэлийн хурал дээр хоёр багийн дасгалжуулагч болон хөлбөмбөгчид юу өгүүлсийг сонирхуулья.

Бруно Фернандеш /Португалын шигшээ багийн хагас хамгаалагч/: Хоёр багийн түүхэн тэмцлийн намтрыг одоо өөрийнхөө талд эергээр эргүүлэх цаг мөч тулж ирлээ. Яаж гэдгийг урьдчилан хэлж мэдэхгүй ч гэлээ бид хожихын тулд бүхнээ шавхах болно. Мэдээж, Мюнхений фанатууд тэдэнд их урам, эр зориг нэмж өгөх болно. Тэгэхээр хэцүү тоглолт болох нь дамжиггүй. Тэдэнд зөвхөн хожил л хэрэгтэй. Гэхдээ нөгөө талаас нь харвал зөвхөн хожих ёстой баг алдаа гаргах, сэрэмж алдах явдал байдаг. Сэтгэл санааны дарамт нь ч их байх болно. Үүнийг нь бид ашиглаж, тайван сайн тоглох ёстой.

Йоахим Лёв /Германы шигшээ багийн дасгалжуулагч/: Багийн залуус маань хожлын төлөө амиа тавихад ч бэлэн байгааг би мэдэрч байна. Илүү сайн тоглох ёстойгоо хүн бүр л ойлгож байгаа. Эхний  тоглолтод бид гоолын боломж цөөн үүсгэснийг хүн бүр мэдэх хойно. Үүн дээрээ бид анхаарч, ажиллалаа. Магадгүй өмнөх тоглолтод хамгаалалтандаа дэндүү анхаарч бэлдснээс ч тийм юм болсон байж мэдэх юм. Одоо бид довтолгоондоо эрэмгий байж, эрсдэлтэй хөлбөмбөг үзүүлэх ёстой болсон.

Португалын шигшээ гэдэг бол ганц Роналдо биш шүү дээ. Тэнд 4-5 маш өндөр түвшний хөлбөмбөгчид байна. Тэдний хэн нь ч тоглолтын хувь заяаг өөрчилчих боломжтой. Тактикийн хувьд их уян хатан, хүчтэй баг. Тэднийг зогсооно гэдэг маш хэцүү. Бөмбөгийг нь булааж авахад ч хэцүү.

Фернандо Сантуш /Португалын шигшээ багийн дасгалжуулагч/: Германы шигшээ 3-4-3-аар тоглож байснаа сүүлд 4-3-3-аар тоглолоо. Нэг тоглолтод Эмре Жан зүүн хамгаалагч болчихсон. Гэвч сүүлийн үед тэдний дурлаж буй хувилбар бол 3-4-3. Францтай хийсэн тоглолтыг сайн харж, судалсан. Хоёрдугаар үедээ Киммихийн байрлалыг өөрчилж, Гинтер баруун захаар эрч хүчтэй тоглосон.

Гэхдээ Португалын шигшээтэй ямар ч баг туллаа гэсэн амар хожихгүй гэдгийг би батлан хэлж чадна. Германы шигшээгээс айгаад ч байгаа юм алга. Огт айхгүй байна. Харин хоёр баг хэн хэнээ хүндэлж, хүчирхэг гэдгийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Германы шигшээтэй талбайд нь тоглох гэж буй хэрнээ Португалын шигшээ энэ тэмцээнд түрүүлэх магадлалтай гэх мэт зүйл ярих хэрэггүй. Хэрвээ тэгж хөөрч тогловол тэнцэж ч чадахгүй.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.