Роналдиньогийн түүх буюу зүгээр л наад бөмбөгөөрөө наад!

Роналдиньогийн түүх буюу зүгээр л наад бөмбөгөөрөө наад!

Сайн уу, наймхан настай Роналдиньо!

Маргааш чамайг хөлбөмбөг тоглочихоод гэртээ ирэхэд олон хүн танайд цуглачихсан байх болно. Гэр бүлийнхэн, ах нар тэгээд бас огт танихгүй хэдэн хүн галт тогооны чинь өрөөнд сууцгааж байхвий. Эхэндээ чи бодно оо. “Ээ, би ямар баяраас хоцорчихвоо” гэж. Тэгснээ тархинд чинь “Өө, Роберто ахын төрсөн өдөр юм болов уу” гэсэн баярын оч гялсхийхвий.

Хөлбөмбөг элдэж элдэж ирэхэд ээж чинь чамайг инээмсэглэн гараа сунган тосч, инээдтэй юм ярьж хөгжилддөгсөн. Харин энэ удаад тэр инээхгүй. Нүднээс нь нулимс урсан гуниглан сууна. Дараа нь чи Роберто руу харна. Тэр чамайг хөтлөөд ванны өрөөнд оруулна. Хоёулхнаа яриа байгаа болохоор тэр. Тэгээд чиний ойлгохгүй нэг зүйлийг хэлэх болно. “Золгүй явдал болжээ. Аавтайгаа дахиж уулзахгүй нь. Нас баржээ” гэж тэр хэлнэ.

Чи энэ үгсийг бүрэн ойлгохгүй. “Юу гэсэн үг юм?”, “Хэзээ эргэж ирэх юм бэ?” гэх юмуу эсвэл “Нас барсан гэдэг чинь юу гэж байгаа юм?” гэх зэргээр асууж шалгаана.

Аав. Аав бол надад хөлбөмбөгийн талбайд бүтээлч байж, хүний санаагүйг санаж, бодоогүйг бодож тоглохыг зааж өгсөн хүн. Бөмбөгтэй маш чөлөөтэй харьцаж, дураараа цэнгэхийг минь дэмжиж тэтгэсэн хүн. Хэн хүнээс илүүтэйгээр чамд хамгаас итгэж, чамайг гэж явсан эрхэм хүн аав минь билээ.

Ямар сайндаа л Робертог “Гремио”-д тоглохоор болоход аав цугласан олны дунд чанга итгэлтэй дуугаар “Роберто сайн сайн. Гэхдээ та нар дүүг нь хараарай. Тэр л баллана даа” гэж хэлж билээ. Миний аав бол супер баатар байсан юм. Аав минь хөлбөмбөгт илбэдүүлчихсэн мэт дурлачихсан хүн. Онгоцны үйлдвэрт үдэш болтол ажиллах хэрнээ “Гремио”-гийн стадионд давхар хамгаалагчаар ажиллана. Хөлбөмбөгт дуртай даа л тэр шүү дээ. Гэтэл одоо аавыгаа дахиж харахгүй гэдэг? Роберто юу ч гээд байгааг ойлгохгүй.

Тэр хагацлын гунигийг чи эхлээд мэдрэхгүй. Хожим чиний сэтгэлд тэр гуниг аажмаар орж ирэх болно. Хэдэн жилийн дараа энэ нарт хорвоо дээр аавыгаа дахиад харахгүй, энгэрт нь асахгүй, инээмсэглэхийг нь үзэхгүй гэдгээ мэдэх болно. Гэхдээ би чамд нэг зүйл хэлмээр байна. Бөмбөг чиний хөл дор байх тэр агшин бүрт аав дэргэд чинь яваа шүү.

Хөлбөмбөг тоглох бүртээ чи жаргаж, дүүлэн нисэх болно. Хөгжим сонсоод яаж хөөрч цэнгэдэг билээ яг л түүн шиг. Тэгээд тэр цэнгэл баяраа бусадтай хуваалцах сэтгэл чиний дотор оргилон дүрэлзэх болно.

Чиний дэргэд Роберто байгаа нь азтай хэрэг шүү. Чамаас 10 ах ч гэлээ, “Гремио”-гийн тоглогч ч гэлээ тэр үргэлж дэргэд чинь байх болно. Тэр зөвхөн ах биш аавын оронд аав минь байх болно. Мөн чиний хувьд баатар байх болно.

Ах шигээ тоглохсон гэх хүслийг тэр өдөөж өгнө. Өглөө бүр ахынхаа хамт “Гремио”-гийн бэлтгэл рүү явж, тэнд ах чинь насанд хүрэгчдийн багт, харин чи өсвөрийн багт тоглоно. Хөлбөмбөгийн од болчихсон ах чинь орой бүр багийнхны дундаас дуудаж авч харина. Тэгээд орой унтах бүрийдээ “Шүтэн биширдэг хөлбөмбөгчтэйгээ нэг өрөөнд унтаж байна” гэж чи бодож, баясах болно. Бидний өрөөнд хөлбөмбөгчдийн хөрөг зураг байхгүй, жижигхэн зурагт л бий. Гэлээ ч энэ чухал биш ээ. Тэгээд ч ямар хөлбөмбөг үзээд суух цаг зав олдох биш. Робертогийн тоглолтгүй үед та хоёр хамтдаа гудамжинд хөлбөмбөг тоглоно.

Порту Алегри гэдэг хар тамхи, дээрэм хулгай гаарчихсан. Түүнтэйгээ ижил дасал болчихсон газар. Хэдийгээр тэнд амьдрах амаргүй ч гэлээ хөлбөмбөг байсан цагт бүх зүйл сайхан. Цэцэрлэгт хүрээлэн, гудамжинд бөмбөг хөөж, хайртай нохойтойгоо эрхлэлдэж байхдаа аюулгүй байгаа мэт санагдана.

Тийм ээ тийм, би нохойтойгоо гэж хэллээ. Чамайг хэнээс ч хэзээ ч хамгаалах сайн найз чинь.

Роберто болон олон өөр хүүхэдтэй чи хамтдаа тоглоно. Гэвч эцэстээ бүгд ядраад явцгаавч чи ганцаархнаа үлдээд тоглоод л, тоглоод л байна. Тийм болохоор Бомбом нохойгоо байнга дагуулж явж байхаа мартах учиргүй. Бомбом жирийн л гэрийн нохой. Жинхэнэ бразил нохой. Хууралт хөдөлгөөн хийхэд түүн шиг сайн хамтрагч гэж үгүй… Магадгүй тэр бусдаас урьтаж “Эластико”-гийн золиос болох биз.

Хэдэн жил өнгөрч, чи Европ тивд очиж, тэнд тоглох болно. Зарим хамгаалагч чамд Бомбомыг санагдуулахвий.

Бага нас чинь эрээвэр хураавар, элдэв янз байх болно. 13 настайгаас чинь чиний тухай яриа гарч эхэлнэ. Хүмүүс бөмбөг эзэмших чадварын чинь тухай шагшилдана. Гэвч чиний хувьд хөлбөмбөг жирийн тоглоом чигээрээ л байна. 1994 онд чи 14 нас хүрлээ. Тэр жилийн ДАШТ чамд хөлбөмбөг бол жирийн нэг тоглоом биш гэдгийг ой тойнд чинь ортол ойлгуулна.

1994 оны долоодугаар сарын 17-ныг бразил хүн бүр санаж явдаг. Энэ өдөр чи “Гремио”-гийн залуучуудын багийн хамтаар Белу Оризонтег зорино. ДАШТ-ий шувтаргын тоглолтыг зурагтаар үзүүлж, Бразил-Итали тулна. Тийм ээ, бид сүүлийн 24 жилийн хугацаанд баярлаагүйгээрээ баярлаж дэлхийн аварга болно. Бүх улс даяараа тэр тоглолтыг үзэж, баясна.

Белу Оризонте даяар Бразилын төрийн далбаа өлгөөстэй, намираастай. Ногоон-шараас өөр өнгө үзэгдэх ч үгүй. Хотын булан тохой бүрт шувтаргын тоглолтыг үзүүлээстэй. Хүмүүс тэр бүрийд цуглаж, баярлаастай.

Харин чи багийнхныхаа хамт тоглолтыг үзэж сууна. Үндсэн болон нэмэлт цаг дууслаа. 0:0. Пенальтиар ялагчийг шийдэх нь. Италичууд эхний цохилтоо алдчихлаа. Гэтэл Бразил бас алдчих юм. Дараа нь Итали хийлээ….Ромарио бөмбөг рүү очиж явна. Тэр зүүн булан руу цохилоо…шон онолоо…гэхдээ бөмбөг хаалганд оров. Гоол. Шигшээгийнхэн орилолдон байгаа нь харагдана. Итали дараа нь хийчихлээ. Бүгд таг дуугүй. Бразилын Бранко дараа нь хийлээ. Таффарел бас хаав. Дунга дараа нь орууллаа. Харин үүний дараа чиний төдийгүй сая сая бразилчуудын амьдралыг өөрчлөх тэр агшин тохионо.

Бажо цохилт хийхээр ирлээ. Тэр алдаж орхив. Бразил-Дэлхийн аварга!

Магнай хагартлаа баярлан хашгиралдах хүмүүсийн дуу шуугианд чи амьдралаа юунд зориулах, хэн болохыг хүсч буйгаа сая ойлгоно. Бразилчуудын хувьд хөлбөмбөг гээч нь юу болохыг бие сэтгэлээрээ мэдэрнэ. Энэ спортын эрх дарх, аугаа гайхамшгийг чиний зүрх ойлгоно. Хамгийн гол нь жирийн хүмүүст хөлбөмбөг ямар их аз жаргал өгч чадахыг бүрэн мэднэ.

Тэр өдөр чи өөртөө нэг зүйлийг бат хэлнэ “Би Бразилын шигшээд тоглоно!”.

Чамд хүмүүс итгэхгүй л биз. Зарим дасгалжуулагч ч чамд итгэхгүй. Гэвч тэр хамаагүй. Зарим нь чамайг “Наад хууралт хөдөлгөөнөө багасга” гэнэ. Зарим нь “Чи хэзээ ч хөлбөмбөгийг мэргэжлийн түвшинд тоглохгүй” гэнэ. Гэвч эдгээр үгсийг өөрийгөө сэргээх хүч, хөшүүрэг болгон хүлээн аваарай. Энэ үгсийг тархиндаа санаж, талбайд өөрийгөө харуулахаар сэтгэл санаа, хөл чадлаа эрчлэхдээ бодоорой. Тэгээд хөлбөмбөгийг талбайд гайхамшигтай гоёмсогоор амилуулагч Денер, Марадона, Роналдог сана.

“Миний хүү чөлөөтэй, дураараа, хүссэнээрээ тогло” гэж аав хэлдэг байсныг ч сана. “Зүгээр л наад бөмбөгөөрөө наад” гэж чихэнд минь шивнэснийг олон жилийн тэртээгээс тархи зүрхэндээ авчирч бод. Ингээд аз жаргал, цэнгэл хөөртэйгээр тогло. Дасгалжуулагч чамайг олон хууралт хөдөлгөөн битгий хий гэсэн байлаа ч талбайд гараад өөрийнхөөрөө л бай. Ингэж болохгүй, тэгж болохгүй гэж битгий өөрийгөө туш. Өөртөө жигүүр далавч өгч, түүгээрээ нисэх мэт тогло. Чамайг бодож тээнэгэлзэхээс өмнө өөрөө тоглох эрхийг хоёр хөлдөө өг. Бүтээлч, санаандгүй шийдвэр тоглолтууд чинь тэр тушаа бодлыг чинь тийрч аяндаа чамайг залаад явчих болно.

Ромарио Дэлхийн аваргын алтан цомыг толгой дээрээ өргөсний дараагаар “Гремио”-гийн дасгалжуулагч чамайг дуудна. Тэгээд “За, Бразилын 17 хүртэлх насны шигшээд дуудагдсан байна” гэхвий. Терезеполист очиж, бэлтгэлийн бааз руу орсон тэр мөчийг хэзээ ч мартахгүй. Кафе руу ороход хананд Пеле, Зико, Бебетогийн хөрөг өлгөөстэй. Хонгилоор алхахад домогт тоглогчдын хөргүүд чам руу ширтээстэй.

Кафед ороод хүнд хамгийн анзаарагдамгүй буланг олж сууна. Энэ өрөөнд Ромарио, Роналдо, Ривалдо суудаг гээд бод доо. Тэгээд тэдний иддэг хоолыг чиний өмнө авчирч тавьж өгнө. Мөн тэдний унтдаг өрөөнд чамайг оруулна. Тэгээд унтахын өмнө чамд төрөх бодол бол “Хөөе, шүтээнүүд маань арай энэ дэрийг дэрлэсэн юм биш байгаа”.

Дараахь дөрвөн жил чи хөлбөмбөг тоглохоос өөр юу ч эс хийнэ. Чиний бүх амьдрал автобусаар бэлтгэлийн бааз руу чиглэж өнгөрнө. Ер нь урьдчилаад хэлчихье, 1995-2003 онд чамд амрах цаг зав олдохгүй шүү. Их эрч хүчтэй, зай чөлөөгүй үе ундарна.

18 нас хүрэхдээ аавынхаа бахархлыг төрүүлэх байсан тэр амжилтдаа хүрнэ. “Гремио”-гийн нэгдүгээр багт тоглох болжээ. Ганц харамсах зүйл нь Роберто чиний хажууд тоглохгүй. Өвдөгний гэмтлээс болоод тэр “Гремио”-д нэг их удахгүй. Тэгээд дараа нь Швейцарь руу явчихна. Ахтайгаа, шүтээнтэйгээ хамт талбайд гарахгүй ч гэсэн олон жил цуг тоглосны хувьд талбайд гараад юу хийх ёстойгоо чи хэнээр ч заалгахааргүй болжээ.

Гарахад аав тосч аваад хөтлөөд явдаг тэр замаар олон удаа ганцаар алхаж, ахын чинь дагуулж ордог байсан тэр хувцас солих өрөө рүү чи одоо өөрөө очно. Тэгээд “Гремио”-гийн хар-цэнхэр өмсгөлийг углаад гарна. Гарахдаа “Үүнээс илүү сайхан гэж юу байх билээ” гэж өөртөө хэлнэ. Эцсийн эцэст чи зорьсондоо хүрч, хүссэнээ авсандаа баярлана. Унаган багийнхаа төлөө тоглох шиг сайхан нь юусан билээ дээ.

Гэлээ ч чиний түүх үүгээр дуусахгүй ээ. Дараа жил чамайг Бразилын шигшээд анх удаагаа тоглох гайхамшигтай мөч хүлээж байгаа. Хөгжилтэй ч явдлууд тохиолдох болно. Шигшээ багийнхнаа цугласнаас хойш нэг хоногийн дараа чи очих болно. Яагаад гэж үү? Яагаад гэвэл цугларалтын эхний өдөр Гаучогийн лигийн финалд “Гремио”-“Интернасьонал”-тай тулах юм. “Интернасьонал”-д Бразилын шигшээгийн ахлагч Дунга тоглоно.

Тэр тоглолтод чи сайн байна аа. Сайн тоглосон болохоор маргааш нь шигшээгийн бэлтгэлд очиход нөгөө 1994 оны дэлхийн аваргууд бүгд нийлчихсэн 10 дугаартай шинэ хүүгийн тухай ярилцаж суух болно. Чиний тухай гэсэн үг шүү дээ. Дунгаг хэрхэн хуурсан тухай чинь ярина. Мөн яаж гоол оруулсныг чинь дурьдана. Тэр гоол цом авчирсан юм шүү дээ. Гэхдээ хамраа сөхөх гэж яарах хэрэггүй. Өмнө чинь амаргүй сорилтууд бий. Зүгээр л амьдралын чинь чухал мөч гэж бод. Ийм түвшинд хүрсэн болохоор багийнхан, олон нийт чамаас маш их зүйл хүсч, хүлээж байгаа шүү.

Тэгээд яах вэ? Цаашид өөрийн хэв маягаараа тоглосон хэвээр байх уу? Эсвэл хууралт хөдөлгөөнөө цөөлж, өөрийгөө өөрчлөх гэх үү? Илүү осол багатай, найдвартай тоглох уу?

Энэ цагт чамд нэг л зөвлөгөө өгье. Өөрийнхөөрөө л бай. Өөртөө л үнэнч үлд. Чөлөөтэй тогло. Яг л хөгжим сонсож буй юм шигээр. Энэ л чиний амьдралын амттай зөв алхам.

Шигшээ багийн тоглолт чиний амьдралыг өөрчилнө. Чиний бодоо ч үгүй, бусдын төсөөлөх ч үгүй тэр үүд хаалгууд өмнө нээгдэх болно. Шүтэн биширдэг хөлбөмбөгчдийн тань Европ руу зорьсон зам, замнал чамайг дуудна. Роналдо чамд Барселон дахь амьдралынхаа талаар хуучилж, түүний “Алтан бөмбөг” гээд олон шагналыг  нүдээрээ харж, гараараа барьж үзнэ. Тэгснээ гэнэт дотор чинь “Би ч гэсэн ийм түүх бичихсэн” гэсэн их хүсэл бадарна. Одоо мөрөөдөл чинь “Гремио”-гоос алс руу нисэх болжээ. 2001 онд энэ мөрөөдөлдөө хөтлөгдөн “Парис Сен-Жермейн” рүү одно.

Тосгонд хөл нүцгэн өссөн ядуухан хүүд би Европын амьдралын талаар хэрхэн ярих билээ? Ойлгуулахад хэцүү. Ярилаа ч гэсэн ойлгохгүй. Парист түр зуур байсныхаа дараагаар Барселон, тэгээд Милан. Бүх зүйл харвасан сум шиг маш хурдан болоод өнгөрнө. Зарим сэтгүүлчид чамайг яг яаж тоглоод байгааг ч ойлгохгүй. Яагаад байнга инээмсэглэж байдгийг чинь ч ойлгохгүй.

Гэхдээ яахав, хэлээд өгье. Хөлбөмбөг тоглох хөгжилтэй сайхан болохоор л чи инээдэг. Заавал чухал царайлж, хөмсгөө атируулахын хэрэг юусан билээ? Аз жаргалыг түгээн цацах нь чиний зорилго. Тэгээд өөрийнхөөрөө сэтгэж, чөлөөтэй тогло. Битгий алхам хөдөлгөөн бүрээ тооц.

Өөрийнхөөрөө байж, удалгүй дэлхийн аварга болно. Өөрийнхөөрөө байж, Аваргуудын лигт түрүүлнэ. Мөн Ла лиг, Сери А-гийн аваргын цом чинийх болно. Өөрийнхөөрөө байж, “Алтан бөмбөг” гардана.

Гэхдээ хамгийн ихээр бахархах зүйл бол чиний хөлбөмбөгийн хэв маяг Барселонын хөлбөмбөгийг өөрчилсөн нь юм. Анх Испанид очиход “Реал Мадрид” ноёлж байлаа. Харин чамайг Испаниас явахад хүүхэд бүр “Барселона” шиг тоглохсон” гэсэн мөрөөдөлтэй болж үлдэх болно.

Гэхдээ намайг анхааралтай сонсоорой. Тэнд хөлбөмбөгийн талбай дахь тоглолтоос чинь чи өөрөө илүү том үүрэг гүйцэтгэх юм шүү. Барселонд байхад өсвөрийн багийн 10 дугаартай нэг хүүгийн тухай яриа дуулдана. Жижигхэн биетэй, чам шиг. Мөн бөмбөгөөр яг л чам шиг нааддаг. Тэгээд тэр хүүг харах хүсэл төрнө. Найз нарынхаа хамт очиж тоглолтыг нь үзнэ. Тэр хүүгийн тоглохыг хармагцаа чамд “Энэ жирийн нэгэн хөлбөмбөгч биш аугаа тоглогч болох юм байна” гэсэн бодол шууд төрнө. Тэр хүү бүгдээс эрс өөр. Түүний нэрийг Лео Месси гэнэ.

Тэгээд дасгалжуулагчдаа “Тэр хүүг нэгдүгээр багт ав” гэж хэлэх болно. Хүүг авчирсан тэр өдөр хэдэн жилийн өмнө Бразилын шигшээгийнхэн чиний тухай ам уралдан ярьцгааж байсан шиг явдал давтагдана. Түүнд нэг л зөвлөгөө өгмөөр. “Инээмсэглэж тоглоорой. Чөлөөтэй тоглоорой. Бөмбөгөөр зүгээр наад” гэж л хэлье.

Чи явсан ч гэсэн Мессигийн ачаар “Барселона”-д тоглолтын тэр хэв маяг уламжлагдан үлдэх болно.

Сайн, муу олон явдал амьдралд таарна. Юу ч тохиолдлоо гэсэн чи хөлбөмбөгт өртэй хүн шүү. Хүмүүс чиний ур чадвар, тоглолтын хэв маягт эргэлзэх юмуу эсвэл хожигдсоныхоо дараа ч инээж байдгийг чинь асууж, шүүмжилбэл нэг л зүйлийг санаарай.

Аавтайгаа хамт байгаа нэг ч бичлэг чамд үлдээгүй шүү дээ. Тэр цагт танайх баян байгаагүй ээ, видео камер ч авах мөнгөгүй л байлаа. Тиймээс аавынхаа дуу хоолойг чи дахин амьдаар нь хэзээ ч сонсож чадахгүй. Инээдийг нь сонсохгүй. Гэлээ ч чиний эд хогшил дотор аавыг үргэлж сануулах нэг зүйл бий. Энэ бол хамтдаа хөлбөмбөг тоглож буй зураг. Тэр зураг дээр чиний инээчихсэн, их жаргалтай бас бөмбөг чиний хөл доор… Харин аав чам руу хичнээн их жаргалтайгаар харна гээч…

Мөнгөтэй болох тусам дарамт, шүүмжлэл ч нэмэгдэнэ. Гэвч чи өөрийнхөөрөө л бай. Аавынхаа хүссэнээр тоглоорой. Бөмбөгөөрөө зүгээр наад.

Орчуулсан Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.