Угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлье

Угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлье

Энэ зун хур бороо их орсноос болж цаг агаар сэрүүсч, нөхцөл байдлаас шалтгаалан иргэд гэр, байшиндаа гал түлж байна. Галлагаа хийсний дараа түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхийг татсанаар угаарын хийнд хордсон иргэдийн дуудлага цөөнгүй бүртгэгдсэн.

Иймд иргэд та бүхэн угаарын хорт хийнээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэлтэй танилцан, учирч болзошгүй аюулаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай.

Сүүлийн өдрүүдэд угаарын хийнд хордсон цөөнгүй иргэд амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байна. Ямар шалтгаан нөхцөлөөс болж иргэд угаартаж байна вэ?

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад З.Нямзаяа: Дуудлага, мэдээллийн шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд иргэд бороо орж байгаа үед гэр, байшиндаа галлагаа хийхдээ зуухны янданг авч өрхөө бүтээх, түлшийг бүрэн шатаагүй байхад сойлтыг хаах, угаар мэдрэгчийг асаахгүй байх зэргээс шалтгаалан угаартаж нас барсан нь тогтоогдож байна.

Иргэд угаартсан гэдгээ өөрсдөө мэдэх боломжтой юу? Угаарын хийн мэдрэгч дохиоллыг ашиглах зааварчилгааг өгдөг үү?

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Билгүүн: Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан.Иргэдийн хувьд нэг өрөөсгөл ойлголттой байна. Энэхүү угаарын хий мэдрэгчийг жилийн дөрвөн улиралд ашиглах зориулалттай. Гэвч иргэд зөвхөн өвлийн улиралд хэрэглээд, бусад үед унтраачхаад байна.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь улаан, ногоон, шар гэсэн гурван өнгийн гэрэлтэй. Ердийн үед 30 секунд тутамд ногоон өнгийн гэрэл асна. Энэ нь тухайн төхөөрөмж хэвийн ажиллаж байна гэсэн үг. Шар гэрэл анивчиж байвал төхөөрөмж алдаа заасан, улаан гэрэл анивчиж дохиолол дуугарвал тухайн орчинд угаар байна гэсэн үг. Төхөөрөмжид улаан гэрэл асч, дуут дохио өгсөн тохиолдолд иргэд гэртээ  агаар сэлгэлт хийх, угаарын хийн агууламжийн найрлагыг дэлгэцэн дээр гарч буй тоон үзүүлэлтээс харах, хэрэглэгчийн гарын авлагад буй заавар зөвлөгөөг харах хэрэгтэй. Тиймээс иргэд угаарын хий мэдрэгчийн хэвийн үйл ажиллагааг хянаж шалган, анхааралтай байхыг зөвлөж байна.

Угаарын хий гэж яг юу болох талаар тодорхой тайлбарлавал?

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч О.Амар: Угаарын хий СО буюу нүүрстөрөгчийн дутуу исэл нь нүдэнд харагдахгүй, үнэргүй, өнгөгүй, амны хаалтад шүүгддэггүй боловч үхэлд хүргэх аюулт хорт хий юм.Нүүрс, түлшийг шатаахад утаа болон нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг. Гэтэл зуухан дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал нүүрстөрөгчийн дутуу исэл үүсдэг. Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг. Өөрөөр хэлбэл иргэд галаа түлчхээд түлш бүрэн унтраагүй байхад өрхөө татсанаар битүү орчинд нүүрстөрөгчийн дутуу ислийг үүсгээд байгаа юм. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбодь, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг.

Угаарын хорт хийд хордсон иргэнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ?

Угаарын хийнд хордсон хүн толгой өвдөх, огиулж бөөлжих, ханиалгах, ядарч сульдах ,гуйвж дайвах, ухаан балартаж унах, нүднээс нулимс гоожих, таталт өгөх, чих дүлийрэх, амьсгалд өөрчлөлт орж түргэсэх зэрэг шинж тэмдгүүд хүнд хөнгөн хэлбэрээсээ шалтгаалан илэрдэг.

Хэрэв угаарын хийд хордож ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд эрүүл агаарт гарах, шингэн юм их хэмжээгээр уух шаардлагатай. Мөн түргэн тусламж дуудах болон өөрт ойрхон эрүүл мэндийн байгууллагад хандаж, аппаратаар хүчилтөрөгчөө хэмжүүлэх шаардлагатай. Таны гэр бүлийн ойр дотны хүн угаартсан бол тухайн газраас дулаан зүйлээр хучин гаргаж, нүүрийг нь хүйтэн усаар шавшиж, шаардлагатай бол хиймэл амьсгаа цээж шахалтыг яаралтай хийх хэрэгтэй.

Дээрх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юунд анхаарах ёстой вэ?

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад З.Нямзаяа: Иргэд угаарын хорт хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зуух, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, бороо орсон үед өрхөө татах тохиолдолд түлшийг бүрэн шатаж дууссан эсэхийг дахин нягталж, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулах, зай нь дууссан бол аюулгүй байдлаа хангаж яаралтай солих шаардлагатай. Мөн яндангаа тогтмол хөөлөх, гал түлэх аюулгүй ажиллагааг бүрэн эзэмшиж, галлагааны үед зөв галлах зааварчилгааг баримталснаар таны болон гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учиртайг анхаарах хэрэгтэй.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.