Хоёр жилийн ган тайлж, багийнхаа гол довтлогч болсон Иммобиле

Хоёр жилийн ган тайлж, багийнхаа гол довтлогч болсон Иммобиле

Европын Аварга Шалгаруулах Тэмцээний өмнө хэн мэргэн буучаар шалгарах вэ? гэсэн мэтгэлцээн гарахад яагаад ч юм Чиро Иммобилегийн нэр дурьдагдалгүй өнгөрсөн.

Энэ довтлогч бол Ромын “Стадио Олимпико” буюу монголчилбол Ромын Олимпийн цэнгэлдэхийн дэргэдхэн амьдардаг, “Лацио”-д данстай нэгэн. Уг нь саяхан даа, 2019/20 оны улиралд тэр 36 гоолтойгоор “Алтан пүүз” гардсан. Италийн Сери А-гийн түүхэн дээд амжилтыг давтан байж гардсан гэж тодотговол зохилтой.

Харин өнгөрсөн улиралд амжилтаа давтаж чадаагүй. Гэхдээ хоосонгүй ээ, 20 гоолтой дуусгасан. Долоон удаа шон болон хөндлөвч онож, дөрвөн пенальтиа алдсныг тооцвол өмнөх амжилт руугаа дөхөж болохоор л тоглож. Ингэснээр Сери А-д 260 тоглолтод гарч, 155 гоол оруулсан гэх үзүүлэлттэй. Муугүй шүү.

Энэ Европын АШТ-д Туркийн шигшээг бут ниргэхэд Иммобилегийн гоол нэмэр болсон нь гэнэтийн явдал биш. Дараа нь Швейцарьт ч мөн хийсэн.

Гэвч ингэчихээд байхад нь л түүнийг аль болох анзаарахгүйг хичээж буй мэт. Чиро шигшээдээ дандаа сайн тоглосон гэвэл худлаа. 1958 оноос хойш ДАШТ-ийг өнжиж үзээгүй Италийн шигшээ хар дарсан зүүд шиг хэдэн жилийг өнгөрүүлэхэд багийнхаа үзүүрийн гол довтлогч тэр байсан. Гоолын ган нь хоёр жил үргэжилсэн юм.

“Гоол оруулж чадаагүй үед зүрхэн дээр хар чулуу тавьчихсан мэт хэцүү. Үнэндээ бусад хүмүүс миний зовлон дээр зовлон нэмж, гоол оруулж чадахгүй шаналж явахад минь улам баалаад, муулаад байсанд их хэцүү дарамттай санагдсан” гэж Иммобиле 2019 оны намар Финляндад сая нэг гоол оруулж, өнөөх гангаа тайлсны дараагаар мэдэгджээ.

Роберто Манчини шигшээ багийн жолоог атгахдаа эхлээд Марио Балотеллид шүүмжлэгчдийн амыг таглах боломжийг өгсөн юм. Гэвч өнөөх нь ам хамхих биш дахиад л асуудал тарьж одлоо. Дараа нь хурдтай Лазинье, сайн мөргөдөг Паволеттид боломж өглөө. Сүүлдээ дөнгөж гарч ирж байгаа Пьетро Пеллегрид замыг нь нээж өгөх гэлээ. Мөн Мойзе Кин, Фабио Куальярелла нарын зэрэг насны илт зөрүүтэй довтлогчдыг дуудав.

Италийн шигшээгийн өөрчлөлт эхлээд довтлогчгүй эхэлсэнд Иммобиле баярлаагүй нь лав. Довтолгоонд Федерико Бернардескиг гаргасан юм. Энэ нь Иммобилед Манчини итгэхгүй нь ээ гэсэн дохио мэт санагдаж үе бий. Гэлээ ч Иммобиле клубтээ дэндүү сайн тоглосон учир анзаарахгүй байхын аргагүй боллоо.

Ингээд Иммобилег довтолгоонд Инсинье, Верратти нарын тойрог үүсгэж тоглуулья гэж санажээ. Верратти бол төвийн хагас хамгаалагч ч гэлээ довтолгоонд туслах донтой тоглогч. Эхэндээ бүх юм гялс бүтээгүй ч гэлээ аажимдаа Манчинигийн суурьшуулсан хөлбөмбөгт Иммобилегийн тоглолт төгс гэмээр таарч эхэллээ. Үндэстнүүдийн лигт Нидерландад гоолын чухал боломж алдсны дараагаар Манчини “Зүгээр ээ, дараагийнханд чи яг хийнэ” гэсэн нь яг биеллээ олсон байна.

Стефано Сэнси, Николо Барелла, Лоренцо Пеллегрини гэх авъяаслаг хагас хамгаалагчдыг довтолгоонд гаргаж туршилт хийхдээ ч Манчини “Иммобиле талбайд гарах бүртээ биднийг баярлуулж байгаа шүү” гэж хэвлэлээр сануулан хэлж байлаа. Иммобиле ганц гоолдоо ч биш мөн дамжуулалтдаа сайн тул багт хэрэгтэй нь илт болжээ.

“Харамсалтай нь шигшээгийн тоглол лигүүд шиг үргэлжлэхгүй юм л даа. Тэрнээс 38 тоглолт дараалаад тоглодог бол тэр лав 25 гоол оруулна шүү” гэж Роберто Манчини үнэлсэн байна.

Италийн шигшээ аажмаар өнгөө дахин олж, довтолгоо сайтай, үзүүштэй хурдтай тоглолттой баг болсныг хөлбөмбөгийн хорхойтнууд энэ удаагийн ЕАШТ-ээр бэлхнээ харж байна.

Чиро 2014 болон 2016 оны хоёр том тэмцээнд очсон ч гол тоглогч биш байлаа. Тэгэхээр энэ бол түүний хувьд гол үүрэг гүйцэтгэх боломжтой анхны тэмцээн. Түүнд баг нь бүрэн итгэдэг болсон. Тэгээд ч “Лацио”-гийнх нь гэр орон болсон Стадио Олимпикод Италийн шигшээ тоглож байна шүү дээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.