С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын 2330 ажилтанд 2.7 тэрбумын урамшуулал олгосон

С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын 2330 ажилтанд 2.7 тэрбумын урамшуулал олгосон

УИХ-ын чуулганаар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд ковидын халдвартай өвчтөнүүдэд зарцуулагдах шинэчилсэн төсөв, салбарын хүний нөөцийн талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Анх батлагдсан 8 сая төгрөг нь 28 хоногийн  эрчимт эмчилгээний ор хоногийн тооцоолол байсан ю м. Эмнэлзүйн шинж тэмдгээс шалтгаалан тохируулсан үнийн тарифыг батлуулсан. Одоо өвчтөний биеийн байдал хөнгөн бол 1 сая 50 мянган төгрөг, хүндэвтэр хүнд 3.5 сая төгрөг гэх мэт ангиллуудыг гаргаж батлуулсан. Үүнд дахин нэмэлт өөрчлөлт оруулан,  эмийн зардлыг шинэчилж өмнө нь маш хүнд өвчтөн 4,3 сая төгрөгөөр эмчлүүлж байсан бол одоо шинэ тарифаар 7,7 сая төгрөг болж шинэчлэгдсэн.  Үүнд эм, эмнэлгийн хэрэгсэл, эрчимт эмчилгээний зардал, эмч ажилчдын цалин багтсан.

Улсын хэмжээнд 27 мянган ор бий. Үүний 11 мянган орыг зөвхөн ковидод зориулж дэлгээд байна. Бид хэдийг ч дэлгэж болно. Гол нь хүний нөөц дутагдаад байна. Монгол Улсад эрчимт эмчилгээний 340 эмч, нийт сувилагч 13 мянга, эмч 11 мянга гээд улсын хэмжээнд эмнэлгийн 57 мянган ажилтан бий. Тэд үнэхээр туйлдаж, нөхцөл байдал хэцүү байгаа.

Манайд амьсгалын эсмо аппарат гурав бий, дахин нэгийг авч ирж байна. Аппаратад ороход нэг хүнд 35 сая төгрөг зарцуулагддаг.

Мөн 2021 онд улсын нөөц төсвөөс 13 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарынхны урамшуулал, цалингийн нэмэгдэл болгож олгосон. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 2500 гаруй ажилтан халдвар аваад байна. Сүүлд 2330 хүнд 2,7 тэрбум төгрөгийг урамшуулал болгож олгосон. Улаан бүсэд ажиллаж буй 1200 эмч тус бүрд нэг сая төгрөг, резидент 1200 эмчид тус бүр 500 мянган төгрөг гээд нийт 13 мянган тэрбум төгрөгийг олгоод байна” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.