Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөлөө

Монгол Улсын зургаа дах Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол болж байна.

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. УИХ-ын чуулганы хуралдаан нээснийг мэдэгдсэний дараа хуучин Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд Ерөнхийлөгчийн тамгыг албан ёсоор гардуулж өгсөн юм.

У.Хүрэлсүх Үндсэн хуулийн дээр гараа тавьж, тангараг өргөлөө.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэддээ хандан үг хэллээ.

Тэрээр “Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Миний Монголын эгэ нэгт ахан дүүс ээ, Монгол Улсын Их хурал, Засгийн газын эрхэм гишүүд ээ,   эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө!

Миний бие бүтэн заяат туурга тусгаар Монгол Улсынхаа төрийн тэргүүний төрийн сэнтийг түшиж, Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргийг шударгаар сахин биелүүлэхээ андгайлан Монгол төрийн тамгыг ёс төртэйгөөр гардан авлаа.Эгэл жирийн жолоочийн гэр бүлд төрж өссөн надад буурал дээдсээс өвлөгдөн ирсэн аугаа түүхт Монгол төрийг тэргүүлэх их хувь заяа оноож, өндөр итгэл найдвар хүлээлгэсэн эрхэм хүндэт ард иргэд, сонгогч түмэндээ гүн талархал илэрхийлэн мэхийн ёсолъё. Намайг төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн бурхны орноос харж байгаа аав ээждээ, өвөг дээдэстээ мэхийн ёсолъё. 
Миний бие энэ их итгэл найдварыг, ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж,   улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлээ сахин хамгаалахын төлөө хичээн зүтгээрэй гэсэн манай ард түмний асар их захиас даалгавар үүрэг хариуцлага хэмээн би хүлээж авч байна.
Энэ удаагийн сонгуульд надтай хамт нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажилласан Х.Баттулга танд гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Эрхэм хүндэт ар иргэд ээ, монголчууд бид эрх чөлөөний дуудлага, хүний эрхийн мэдрэмж, шударга ёсны хүсэмжлэл, тэгш эрхийн зарчмаа хэзээ ч алдаж байгаагүй ард түмэн. Энэхүү эрх чөлөө, шударга ёс, үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн ямагт үеийн үед тэмцэж ирсэн түүхтэй. Чухамхүү шударга ёс тогтсон тэр л нийгэмд ирээдүйдээ итгэлтэй сэтгэл хангалтай аз жаргалтай амьдрахы учиртай. Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж мөрөөдөж, шахаж шаардаж байна. 

Нийгэмд шударга ёс тогтооход хараат бус шүүхийн тогтолцоо прокурорын байгууллагатай байх явдал юм. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүхчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх , шүүх прокурорын байгууллага нь зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагдан ажилладаг, хараат бус хууль шүүхийн тогтолцоог бий болгохын тулд нэн чухал шаардлагатай байна.

Иймд миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг, ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно” гэлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.