ЦЕГ: Хууль зүйн яамны нэр барьж, зөвшөөрөлгүйгээр дуут дохио ашигласан иргэнийг Зөрчлийн хуулиар торгоно

ЦЕГ: Хууль зүйн яамны нэр барьж, зөвшөөрөлгүйгээр дуут дохио ашигласан иргэнийг Зөрчлийн хуулиар торгоно

Олон нийтийн цахим сүлжээнд өөрийгөө Хууль зүйн яамны мэргэжилтэн, албаны тэрэгтэй явж байна гэж танилцуулсан залуугийн талаарх бичлэг бүхий мэдээлэл цацагдаж олон нийтийн анхаарлыг татаад байсан билээ.

Бид тухайн бичлэгийн талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад “Шалгалтын явцад урьдчилсан байдлаар 28 настай, эрэгтэй С гэгч нь 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 20.00 цаг орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Маршалын замд 0073УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа жолооч иргэнтэй үл ойлголцож, улмаар өөрийгөө Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн, албан ажлаар албаны тэрэгтэй явж байна хэмээн тусгай дуут дохио ашигласан уг үйлдэлд нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Зөрчил шалгах хэлтэст холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.

Тухайн асуудалд нэр холбогдогч иргэн С нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаагийн байгууллагад ажилладаггүй болохыг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Иргэний тус үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.8-д заасан “Зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр тусгай дуут болон гэрлэн дохиог тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.16-д заасан “Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хуулийн зохицуулалттай байдаг” гэсэн юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.