УИХ-ын гишүүн Н.Ганибал хурдан морины үүлдэр угсааг тогтоох ажлын хэсэг байгуулахыг хүсчээ

УИХ-ын гишүүн Н.Ганибал хурдан морины үүлдэр угсааг тогтоох ажлын хэсэг байгуулахыг хүсчээ

УИХ-ын гишүүн Н.Ганибал УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний хувьд тус байнгын хорооны дарга Х.Болорчулуунд хандан “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг” байгуулах хүсэлт гаргалаа.

Тэрээр хүсэлтдээ: “Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадам тун удахгүй болох гэж байна. Энэ жилийн хувьд коронавируст цар тахлын улмаас орон нутгийн хэмжээнд тэмдэглэх баяр наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсантай холбоотойгоор өмнөх жилүүдтэй харьцуулахад Улсын наадамд хурдан морьдоо уралдуулахаар хөдөө орон нутгаас нийслэлийг зорин ирэх уяачид маш олон байна. Үүнтэй холбогдуулан монгол адууг эрлийз адуунаас тусад нь уралдуулах шаардлага улам хүчтэй тавигдаж байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 5 дугаар тогтоолоор “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталсан боловч тус журмын хэрэгжилт жилийн жилд хангалтгүй байсаар ирсэн билээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.11-д заасны дагуу Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг” байгуулан, тус ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллах саналтай байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ширнэнбаньдын Адьшаа, Цэвэгдоржийн Туваан нарыг оруулах саналтай байгааг харгалзан үзэж холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.