ХУУЛЬ: 0-3 насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг илүү цагаар ажиллуулахыг хориглоно

ХУУЛЬ: 0-3 насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг илүү цагаар ажиллуулахыг хориглоно

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлаас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталсан бөгөөд 13 бүлэг, 166 зүйлтэй уг хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэхээр болжээ.

Тус хуультай холбогдуулан ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүд хуулиас зарим зүйл заалтыг онцоллоо. Тодруулбал, 

  • Ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг авах арга хэмжээг хуулиар нарийн зааж өгсөн. Ажлын байрны орчин гэдэгт тухайн ажлын байрны орчин байхаас гадна томилолтоор явж байгаа, ажлын унаагаар ажилдаа ирж очих цаг хугацаа, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалгын цаг хугацаа зэрэг орно.
  • Хөдөлмөрийн харилцааны доод хэм хэмжээг хуулиар тогтоож өгсөн.
  • Хөдөлмөрийн тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хүүхэд хамгааллын бодлоготой байна гэсэн зүйл заалт анх удаа оров.
  • Жирэмсэн эмэгтэй, 0-3 насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг шөнийн буюу илүү цагаар, нийтээр амрах болон долоо хоногийн амралтын өдөр, албан томилолтоор ажиллуулахыг хориглоно.
  • Залуу гэр бүлийг дэмжих үүднээс дөнгөж төрсөн хүүхдийн аавуудад 10 хоногийн цалинтай чөлөө олгоно.
  • Байнгын асаргаатай хүүхдээ асарч байгаа эцэг, эх тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой хэмээв. 

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцож байгаа бүх хүн энэ хуулийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж ажиллах юм. Уг хууль батлагдсанаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл шинэ шатанд гарна. Бүрэн дүүрэн хэрэгжсэнээр 21 дүгээр зууны хөдөлмөр, нийгмийн харилцаанд нийцсэн зохицуулалтууд биеллээ олно гэж найдаж байна” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.