Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-ны өдөр явуулна

Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-ны өдөр явуулна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.  УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон гишүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон тул тус тойрогт нөхөн сонгууль явуулах учиртай.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн  18 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2021 оны долоодугаар сарын 09-ний өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар тогтоохоор уг төслийг боловсруулжээ.

Түүнчлэн 18 болон 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2, 287, 344, 090.0 /хоёр тэрбум хоёр зуун наян долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянга ерэн/ төгрөгөөр батлахаар тогтоолын төсөлд тусгажээ. Мөн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын тухай” Улсын Их Хурлын 2020 оны арван хоёрдугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцохоор тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд гишүүдийн 58.3 хувь нь төслийг дэмжив.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.