Эмч нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхгүй бол улс даяар ажил хаялт зарлана

Эмч нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхгүй бол улс даяар ажил хаялт зарлана

Цар тахлын хүнд ачааг үүрч буй эмч ажилчид цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж буй. Тэдний төлөөлөл Сүхбаатарын талбайд найм дахь өдрөө суулт зарлаж байгаа юм. Хэрэв эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын цалинг нэмэгдүүлэхгүй бол өнөөдрөөс ажил хаялт зарлана гэдгээ эмч, ажилчид мэдэгдлээ.

Тэд:

  • Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх,
  • Эмч, ажилтнуудыг эрүүл мэнд, амь нас, эрсдэлийн даатгалд хамруулах,
  • Монголын эрүүл мэндийн салбарынхан бүхэлдээ улаан бүсэд ажиллаж буй тул улаан, ногоон бүс гэж ялгаварлахгүй байх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг мэдэгдсэн юм.

Өнөөдөр суулт зарласан эмч ажилчдын төлөөлөлтэй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Ганбаатар нар уулзлаа.

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа: “Өнөөдөр ч гэсэн нэг залуухан эмч ухаан алдаад сэхээнд орсон. Улс орон яагаад эмч нарынхаа үгийг сонсохгүй байгаа юм. Өнөөдрийг хүртэл нэг ч хариу ирээгүй. Сая хүрэлцэн ирсэн гишүүдэд баярлалаа. Бид эндээс явахгүй. Эцсийн үр дүн гартал сууна. Засгийн газар нь хуулиа биелүүлэхгүй байхад бид яагаад биелүүлэх ёстой гэж” гэв. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.