Унгараас Монгол улсад 33 ширхэг амьсгалын аппарат бэлэглэхээр болжээ

Унгараас Монгол улсад 33 ширхэг амьсгалын аппарат бэлэглэхээр болжээ

Унгар Улсаас Монгол Улсад 33 ширхэг амьсгалын аппаратыг бэлэглэхээр болсон талаар Унгар улсад суугаа Монголын элчин сайд З.Батбаяр мэдэгдлээ.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа

“Өнөөдрийг хүртэл олон л хурал зөвлөгөөний шийдвэрийг хүлээж догдолж явсан. Гэхдээ өнөөдрийнх шиг ингэтлээ холоос, ийм их цагийн зөрүүтэй хүлээж үзсэнгүй.

Унгар улсын ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын Элчин сайдын хүсэлтээр Монгол улсад 33 ширхэг амьсгалын аппаратыг бэлэглэх тухай шийдвэрийг гаргалаа. Ийнхүү аймаг бүрийн эмнэлэгт 1, дүүрэг бүрийн эмнэлэгт 1, бусад эмнэлэгт 3 гэж тооцоолсны дагуу 33 ширхэг LH8800 загварын амьсгалын аппарат тун удахгүй Монгол улсад ирэх нь. Хэдэн хоногийн өмнө амьсгалын аппарат авах боломжийн тухай ярилцлаа гэсэн пост оруулж байсныг Та бүгд санаж байгаа байх, тэгвэл тэр хүсэлтийг минь Унгарын ЗГ хүлээн авч, журмын дагуу ЗГ-ын хуралдааны шийдвэрээ гаргалаа. Зах зээл дээр нэг бүр нь 45000-50000 орчим еврогийн үнэтэй энэхүү амьсгалын аппарат нь маш сайн загвар төдийгүй өөртөө компрессортой учраас тухайн эмнэлэгт өтгөрүүлсэн хүчилтөрөгч байхгүй тохиолдолд ч ажиллах боломжтой юм. Яг одоо хамгийн ихдээ 2 долоо хоногийн дотор Монгол улсад авчрах боломжийг бий болгохоор ярилцаж байгаа болно. Ах дүү унгарчуудын маань бэлэг хамгийн хэрэгтэй цаг үед ирж буй учраас үнэ мөнгө ярих шаардлагагүй ч гэсэн (33х50000= 1650000 евро) ойролцоогоор 4,6 тэрбум төгрөгийн үнэтэй байх нь.

Хамгийн гол нь садан төрөл Унгарын ард түмний сэтгэл шингэсэн энэхүү амьсгалын аппаратууд маань олон олон Монгол хүний амь насыг аварч, олон өвчтөний зовуурыг багасгах болтугай.

Тахлын эсрэг Унгар- Монгол хамтдаа тэмцэж, хамтын хүч, харилцан итгэлцлээр тахлыг даван туулахын төлөө зүтгэцгээе.

Ах дүү Унгарын ард түмэнд, Унгарын ЗГ-т баярлалаа” хэмээжээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.