Ганц гартай теннисчин бүсгүй дөрөв дэх олимпдоо оролцож байна

Ганц гартай теннисчин бүсгүй дөрөв дэх олимпдоо оролцож байна

Токиогийн олимпын наадмын нэгэн даруухан баатар бол Польшийн Наталья Партыка хэмээх бүсгүй. Ширээний теннисчин энэ бүсгүй төрөлхийн нэг гаргүй. Тодруулбал, нэг гарын бугуйгүй хорвоод мэндэлжээ. Гэлээ ч тэр дөрөв дэх олимпдоо оролцож, ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 1/32 шигшээд Египетийн Дине Мэшрэфт 2:4-өөр хожигдлоо.

Үүгээр түүний тэмцээн дуусаагүй ээ, дахиад хосын тоглолтод оролцоно. Олимп дууссаны дараа ч Токиод үлдэж, мөн паралимпд оролцох юм. Паралимпд ноёлдог тамирчин.

Натальяг аав ээж нь нэг юманд сургажээ. Энэ бол бэрхшээлтэй өөрөө тулж, давж гарах чадвар юм.

“Багадаа би хайрцагтай чихэрнээс авах гэсэн ч чадахгүй байсан гэнэ лээ. Тэгсэн ээжийн найзуудын нэг нь аваад өгөх гэж гэтэл ээж “Хэрэггүй ээ, өөрөө аваг” гэж хэлсэн гэдэг. Аав, ээж хоёр маань намайг ингэж хүмүүжүүлсний ачаар л би ийм болсон. Би багаасаа л модонд авираад өөрөө буучихдаг, дугуй унадаг, үдээсээ өөрөө үдчихдэг хүүхэд болсон. Ер нь бусад хүүхдээс дутуу гэсэн мэдрэмж багатай өсч торнисон” хэмээн тэрбээр өгүүлж байна.

“Мэдээж, надад ч гэсэн хэцүү байсан. Одоо ч заримдаа хэцүү байдаг. Гэхдээ нэг гаргүй төрсөн тулдаа би илүү хөдөлмөрлөж, зан чанар минь төлөвшсөн гэж боддог. Магадгүй би хоёр гартай төрсөн бол тамирчин болж, олимпын наадамд оролцохгүй байсан биз” хэмээн Партыка өгүүлжээ.

Р.Гэгээ  


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.