С.Амарсайхан: Төрийн хяналт, шалгалтыг шинэ түвшинд гаргахад хууль эрхзүйн шинэчлэл чухал

С.Амарсайхан: Төрийн хяналт, шалгалтыг шинэ түвшинд гаргахад хууль эрхзүйн шинэчлэл чухал

Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, нөөц хангамж болоод хүнсний аюулгүй байдал, барилгын материалын чанар, стандартыг хангуулах, барилга байгууламжийн паспортжуулалт болон Мэргэжлийн хяналтын байгууллагад нэвтрүүлж буй дижитал шилжилтийн явц зэрэг асуудлаар Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-т ажиллаж, тулгамдсан асуудлаар мэдээлэл солилцон, гарц шийдлийг хэлэлцлээ.

Барилгын материалын чанар, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Мэргэжлийн хяналтын eрөнхий газар, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хяналт шалгалт хийхэд 2021 онд БНХАУ-аас импортоор оруулж ирэн худалдаж байсан арматур төмөр жин тонндоо хүрэхгүй, стандартын шаардлага хангахгүй байжээ. Иймд 759,5 тн арматурыг зах зээлээс эргүүлэн татаж, барилгын даацын бүтээцэд хэрэглэхийг хориглож хашаа, замын ажилд хэрэглэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн БНХАУ-аас импортлосон цементийн хадгалалтын горим алдагдаж чанарын шаардлага хангахгүй болсон тул 914,7 тн цемент болон сав баглаа боодлын битүүмж алдагдаж хатсан 24,9 тн будаг, чанар стандартын шаардлага хангахгүй 172,3 мянган ширхэг тоосгыг зах зээлээс эргүүлэн татаж устгажээ.

Хүнсний аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 2021 оны эхний 6 сарын байдлаар хэрэглэх болон хадгалах хугацаа дууссан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй 1925, хаяг шошгын зөрчилтэй 486 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлээс татаж устгалд оруулсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шадар сайдад уламжиллаа. Ялангуяа барилгын материалын чанар стандартыг хангуулах тал дээр лабораториудын хүрэлцээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспортлогч, импортлогч талуудын чиг үүргийг тодорхой тусгасан, чанар стандартын асуудлаарх хууль эрх зүйн орчинг сайжруулах нь нэн түрүүнд шаардлагатай байгааг салбарынхан хэлж байлаа. Хууль эрх зүйн орчны шинэчлэл нь мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн чухал байгаа бөгөөд Төрийн хяналт, шалгалтыг орчин үеийн эрэлт хэрэгцээ, шаардлагад тулгуурлан шинэ түвшинд гаргах, цахим шилжилтийн бодлогыг бодитой хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх тул энэ чиглэлээр Засгийн газар, УИХ-ын түвшинд асуудлыг тавьж шийдүүлэхэд онцгойлон анхаарахаа Шадар сайд энэ үеэр мэдэгдлээ.

Тэрбээр хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний худалдаа эргэлтийг хөнгөвчлөх зорилготой АХБ-ны төслийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг боомт, Дархан-Уул аймгийн МХГ-ын лабораторийн барилга, Алтанбулаг боомтод хилийн хорио цээрийн байгууламжийг 2022 онд багтаан ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.

Мөн Цар тахлын амаргүй цаг үед мэргэжлийн хяналтын байгууллага хувийн хэвшлийнхэн, иргэд, аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх чиглэлд зөвлөн тусалж ажиллах шаардлагатай байгааг мөн үүрэг даалгавартаа онцолсон юм.

ШАДАР САЙДЫН АЖЛЫН АЛБА


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.