УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Европын холбооны Хүний эрхийн дээд шагнал хүртлээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Европын холбооны Хүний эрхийн дээд шагнал хүртлээ

Европын холбооны Хүний эрхийн дээд шагналыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хүртлээ.

Шагналыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа анхны суурин Элчин сайд, Траян Лауренцю Христеа энэ сарын 5-нд гардуулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь хүний эрхийг хамгаалах талаар НҮБ, Европын холбоо болон бусад олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал, 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлын дараа тухайн үеийн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нь ГХЯ-нд Хүний эрхийн хэлтэс байгуулж байжээ. Хүний эрхийг хамгаалах талаар олон улсын жишгийг судалж, Монгол Улсад нэвтрүүлэх зорилготой уг хэлтэс өнөөдрийг хүртэл тогтвортой ажиллаж байгаа юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийг санаачлан, УИХ-аар батлуулсан. Уг хуульд хүний эрхийг хамгаалагчийг хуулиар тодорхойлж, тэдний эрх зүйн байдлыг баталгаалж, зөрчигдсөн эрхийг нь сэргээх боломжийг бүрдүүлсэн байна.

Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар“Улс орон бүр өөр өөрийн соёл, түүх уламжлалтай хэдий ч хүний эрхийг хамгаалах нэг л дүрэм, журамтай. Өөрөөр хэлбэл, өнөөгийн ертөнцөд бүх улс орныг нэгтгэж байгаа зүйл бол хүний эрх. Монгол Улсын Үндсэн хуулийн хамгийн төв сэдэв нь хүний эрхийг хамгаалах асуудал. Тиймээс ч бүх хууль үүнд чиглэх ёстой. Үүнд олон улсын хамтын ажиллагаа туйлын чухал” хэмээсэн юм.

Мөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа анхны суурин Элчин сайд, Траян Лауренцю Христеа, “Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны гэрээний дагуу хүний эрхийн асуудлыг маш өндөр түвшинд тавьж байгаа. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар цар тахлын хүнд үед төрийн бус байгууллага, ХЭҮК-той хамтран хүний эрхийг дээдлэх ажлыг зохион байгуулсан тул энэ шагналыг олгож буй юм” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.