Г.Занданшатар: Монгол хүн ажилтай, орлоготой байхад ямар ч хүндрэл бэрхшээлийг туулж чадна

Г.Занданшатар: Монгол хүн ажилтай, орлоготой байхад ямар ч хүндрэл бэрхшээлийг туулж чадна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.08.13) Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны Д.Баярсайхан, Үндэсний статистикийн газрын дарга Б.Батдаваа нартай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, чиглэл өглөө.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Бодлогын хүүг 11 хувиас 6 хувь болгож бууруулсан. Мөн өнгөрсөн жил 55 мянга, 2021 онд 57 мянган иргэдийн бизнесийн болон ипотекийн 3.1 их наяд төгрөгийн зээлийн хүүг он дуустал зогсоосон. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих 1.7 их наяд төгрөгийн зээлийг 23 мянган зээлдэгчдэд олгоод байгаа. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан газар тариалан, мах бэлтгэл, хүнсний ногоо, ноос ноолуурын чиглэлээр 500 тэрбум төгрөгийн зээл олгохоос 319 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа юм. Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний хүрээнд эдийн засгийн өсөлт 15.7 хувьд хүрсэн. Гэхдээ эдийн засгийн өсөлт цаашид энэ хэмжээгээр үргэлжлэхэд тодорхой бэрхшээлүүд үүссэн байна. Ялангуяа улс орнуудын хилийн хязгаарлалт, ачаа тээврийн саатал, тээврийн зардлын болон түүхий эдийн үнийн өсөлт зэрэг нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх дүр зураг харагдаж байна гэв.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанканд хадгаламжийн хүүг бууруулах чиглэл өгч ажиллаж байгаа гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлсэн. Өнөөдрийн байдлаар хадгаламжийн хүү бууруулсан, энэ нь зээлийн хүүг бууруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэв. Иргэдээс 3 хувийн хүүтэй зээлийн хувьд эх үүсвэр олдохгүй байгаа талаар, Зээлийн батлан даалтын сан хангалтгүй ажиллаж байгаа талаар гомдол ирүүлж байгааг энэ үеэр Монголбанкны удирдлагуудад сануулав.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа:Монгол Улсын гадаад худалдаа эхний 7 сарын байдлаар экспорт, импорт 30 хувийн өсөлттэй байгаа ч энэ оны  6, 7 дугаар сарыг 2020 оны мөн үетэй харьцуулахад буурсан гэлээ. Өрхийн орлого бууралттай, хэвээрээ байгаа аж. Өрхийн орлогыг тогтворжуулж буй нь гол хүчин зүйл нь тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө гэдгийг хэлж байв. Инфляц эхний 7 сарын байдлаар 7,4 хувьтай гарсан.  долдугаар сард инфляц нэмэгдэх болсон гол шалтгаан нь шатахуун үнэ гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар“Нэн тэргүүнд ажилгүйдэл, ядуурлын асуудалд анхаарах хэрэгтэй байна. Ядуурлын үндсэн шалтгаан ажилгүйдэл. Үүний тулд ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Баялаг бүтээгчдээ дэмжиж, эдийн засгаа солонгоруулахын тулд онцгой анхаарах хэрэгтэй” хэмээн сануулав. Монгол хүн ажилтай, орлоготой байхад ямар ч хүндрэл бэрхшээлийг даван туулаад гарч чадна. Тиймээс ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд Зөвшөөрлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудыг өөрчилж, төрийн дунд, доод шатанд бизнес, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд үзүүлж буй дарамт шахалтыг зогсоох ёстой. Мөн ажлын байр бий болгож буй салбаруудыг зээл, татварын бодлогоор дэмжих нь зүйтэй. Эдийн засгийн өсөлтийг ажлын байр буй болгосноор хэмжих ёстой. Парламентын зүгээс эрх зүйн орчинг сайжруулахад анхаарч ажиллах болно. Мөн хүнсний хангамжийг сайжруулах, үнийг тогтвортой байлгахад онцгой анхаарах нь Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс онцгой анхаарах асуудал хэмээлээ.

    Иймээс цар тахлын үед болон дараах үед төрөөс мөнгөний бодлогын чиглэлээр ямар арга хэмжээ авах, хууль эрх зүйн орчинг хэрхэн сайжруулах болон банк санхүүгийн  реформыг хийхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид бодлогын талаар ямар ажил зохион байгуулж ажиллах   чиглэл гаргахыг  УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн газрын удирдлагуудад даалгалаа


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.