Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн сангаас хэн нэгэн дарга, эрх мэдэлтний хүүхдийн төлбөр төлөгдөхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн сангаас хэн нэгэн дарга, эрх мэдэлтний хүүхдийн төлбөр төлөгдөхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Боловсролын зээлийн санг өөрчлөн зохион байгуулахаар болж улмаар оюутны төлбөрийн зээлийн шинэ бүтээгдэхүүнийг гаргахаар төлөвлөсөн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Тэрээр “Боловсролын зээлийн сан нь тэтгэлэг, тусламж, хөнгөлөлттэй зээл өгдөг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авдаг 601,046 оюутан байна. Мөн өндөр оноотой багш мэргэжлээр суралцах 1,500 оюутан байгаа бөгөөд тэдний сургалтын төлбөрийн хөнгөлөлт дээр нь өөрчлөлт ороогүй хэвээр үргэлжилнэ. Мөн гадаад улсын Засгийн газрын хоорондын гэрээгээр явж байгаа хүүхдүүдийн төлбөр мөн хэвээр үргэлжилнэ.

Үүнээс гадна нийт зээлийн сангийн 50% нь цөөхөн оюутанд зарцуулагдаж байгаа нь санаа зовоож байна. Тодруулбал, 323 хүүхдэд нийт зээлийн сангийн 20 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа. Үүнийг би шударга бус явдал гэж харж байна. Энэ хүүхдүүдээ судлаад үзэхээр нөгөө нэг хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд сурч байна гэх хардлага байгаа.

Боловсролын сайдын хувьд хариуцлагатайгаар хэлэхэд энэ жил буюу цаашдаа хэн нэгэн дарга, эрх мэдэлтний хүүхдүүдийн төлбөр энэ зээлийн сангаас төлөгдөхгүй. Үүнийг иргэд та бүхэн зээлийн сангийн хуудас руу ороод хэний хүүхэд ямар нөхцөлөөр сурч байгааг нээлттэй харах боломжтой.

Мөн ирэх хавар нийт оюутны 30 хувьд хүрэлцэх зээлийн бүтээгдэхүүн гаргана. Ингэхдээ сурлагын амжилт үзүүлсэн, тэргүүлэх чиглэлээр суралцаж буй эсэхийг харгалзах бөгөөд тэгш, хүртээмжтэй байлгахад анхаарна. Одоогоор 147 мянган оюутны 10 хувь нь зээлд хамрагдаж байгаа. Түүнчлэн цаашдаа гадаадад баклавраар бус магистр, доктороор суралцаж мэргэжил дээшлүүлэх хүмүүст тэтгэлэг түлхүү  өгөх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.