Ж.Байгалмаа: 5-11 насны хүүхдийн өвчлөл хамгийн өндөр хувьтай байна

Ж.Байгалмаа: 5-11 насны хүүхдийн өвчлөл хамгийн өндөр хувьтай байна

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын долоо хоногийн тоймыг танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн дэд дарга Ж.Байгалмаа оролцож мэдээлэл өглөө.

Тэрээр “Манай улсад өмнө нь халдварын хоёр давалгаа гарсан. Сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж байна. Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг эзлэх хувь ойролцоогоор 10 хувьтай байсан бол сүүлийн долоо хоногт 20 орчим хувьд хүрлээ. Орон нутгийн хувьд долдугаар сарын дундаас халдварын тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд шинжилгээнд эерэг эзлэх хувь маш өндөр байна. 

Нийт бүртгэгдэж байгаа тохиолдлуудын 73 хувь нь орон нутагт, 27 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа. Хүн амын хөл хөдөлгөөн огцом нэмэгдээд байна. Наймдугаар сарын 28-нд хийсэн тооцооллоор Улаанбаатарт дараагийн 14 хоногт өдөрт бүртгэгдэж, тохиолдлын тоо 900-аас давахаар байгаа. 

Дельта хувилбар илрүүлэх шинжилгээ хийж байна. Сүүлийн 7 хоногт эерэг тохиолдлуудын 35 хувь нь дельта хувилбар илэрч байна. Наймдугаар сарын сүүлээр хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. 5-11 насны хүүхдийн өвчлөл хамгийн өндөр хувийг эзэлж байна. Маш хүнд онош 1.6 хувь болж буурсан бол хүндэвтэр өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Нас баралт буурсан. Есдүгээр сарын 2-ны байдлаар 43 мянган хүүхэд өвчлөөд байгаагийн 70.4 хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн. Хүүхдүүдийн халдвар авах тохиолдол наймдугаар сарын дундаас нэмэгдэж байгаа бөгөөд 5-11 насны хүүхдийн өвчлөл хамгийн өндөр хувьтай байна.

Шинэ коронавирусийн халдвар нь ханиад томуунаас илүү стрессийг биед учруулдаг юм. Өнөөдөр дэлхийн эмч нар CoVID-19 тусаад эдгэрсэн хүмүүсийн 70 хувьд нь уушги, судас, зүрх, бөөрөнд нь ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлсэн байдаг тухай ярьж байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд илэрч буй эмнэл зүйн шинж тэмдэгийн хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдахгүй байгаа. Дельта хувилбарын халдвар тархаад байгаа энэ үед хөнгөн, хүнд хүмүүсийн эзлэх хувьд өөрчлөлт ороогүй. Харин маш хүнд хүний тоо үл ялиг буурч хүндэвтэр хүний тоо ялимгүй нэмэгдсэн. 

Нас баралт халдварын өмнөх давалгаанаас хойш тогтмол буурч байсан ч дараагийн долоо хоногт ялимгүй нэмэгдэх хандлага ажиглагдаж байна” гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.