С.Жавхлан: АН-ын дотоод асуудал миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учраас намаас гарахаар шийдлээ

С.Жавхлан: АН-ын дотоод асуудал миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учраас намаас гарахаар шийдлээ

УИХ-ын гишүүн асан өнөөдөр /2021.09.03/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр АН-ын дотоод асуудал, маргаан тэмцэл нь өөрийнх нь зан, зарчимд нийцэхгүй байгаа учраас ийм сонголт хийсэн хэмээн онцолсон юм.

Тэрээр үргэлжлүүлэн “Удахгүй нөхөн сонгууль болох гэж байна. Энэ сонгуульд намайг дэвшинэ, дэвшихгүй гэдэг мэдээлэл яваад байна. Надад нөхөн сонгуульд оролцох ямар ч санаа байхгүй. Миний саяны хэлсэн зүйлийг ямарваа нэгэн байдлаар битгий гуйвуулаасай гэж хүсэж байгаа учраас хамгийн эхэнд хэлж байгаа юм.

Сүүлийн үед Ардчилсан нам маш их хэрүүл уруултай байх болсон. Энэ нь миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учраас өнөөдөр АН-аас гарч байгаагаа зарлаж байна. Надад ямар нэгэн байдлаар гомдож, туньсан зүйл байхгүй. Хэрэв би гомдсон бол шууд л хэлдэг зантай хүн. Тиймээс АН-ын залуучууд, ах нартаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөё. Хэрэв надаас асуух зүйл гарвал холбогдож байгаарай гэж хэлье.

Миний бие “Хамаг Монгол” төслийг 2012 оноос эхлүүлсэн. Би соёлын биет өвийг хамгаалах, мартагдсан зүйлийг сэргээн хойч үедээ өвлүүлэхийн төлөө явдаг. Цаашид хийх ажил маш их байна. Соёлын өвөө ганц хоёр хүнээр тоглуулаад баймааргүй байна. Тиймээс өв соёлоо хамгаалж, уран бүтээлээ хийх зорилгоор АН-аас гарч байна. Цаашид соёлын биет болон биет бус өвийг хамгаалахад хүчин зүтгэнэ. Мөн шинэ дуу, нэвтрүүлэг гаргана” гэсэн юм.

Сануулахад, МУГЖ дуучин С.Жавхлан  2016 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм. Дараа нь 2020 оны тавдугаар сард АН-д элсч дахин УИХ-д нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.