Бид нэг амьтай

Бид нэг амьтай

“COVID-19” дэлхийн хэмнэлийг өөрчилж байна. Олон сая хүн онлайнаар ажлаа хийж, олон сая хүүхэд гэртээ хичээллэж эхлэв. Хүмүүс дэлгүүр хэсч худалдаа хийхээс илүүтэй онлайн худалдааг чухалчилж байна. Санаанд оромгүй ааш авир дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн гаргаж л байгаа. Олон олон зүйлс өөрчлөгдөж байна. Улс орнуудын Засгийн газар халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээ авч, эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа бол хүмүүс ч өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийнхээ төлөө юу хийх ёстой вэ гэдгээ хангалттай ойлгодог болжээ. Эдийн засгийн асуудал дэлхийн олон оронд тулгарч байна. Хувь хүн айл өрх бүрт нөлөөллөө. Гэхдээ л бүгд дүрэм, журмыг ягштал биелүлэхгүй байгаа. Хаа нэгтээ анхаарал алдаж, хаа нэгтээ вирус тээгч болсноо мэдэлгүй олон хүнд тарааж байгаа. Нүдэнд үзэгдэж гарт баригдах биш дээ. Дэлхий нийтээр гэхдээ энэ өдрүүдэд нэг л хүсэлтэй байна. Энэ өвчнийг дарах эм, вакцин гараасай гэж хүсч байна. Олон олон хүн амьд явахын үнэ цэнийг мэдэрч байгаа биз. Олон олон хүн амьдралын сайхнаас зуурч үлдэхийг хүсч байгаа биз. Хэн нэгэн алдаа гаргахад хэдэн хүн хохирох вэ. Гэр бүл үр хүүхэд хайртай хүмүүсээ халдвараас хамгаалахын тулд өөрийгөө ч бас хамгаалах үүрэгтэй боллоо. 

Дэлхий нийт өдөрт мянга мянган хүнээ коронавирусын халдвараар алдаж байна. Зарим улс оронд халдвар авагсадын тоо нэмэгдэж байхад зарим нь буурч байгаа нь статистик мэдээллээс харагдана. 

Вирус баян, ядуу, хөгшин залуу, дарга цэрэг хэнийг ч ялгахгүй хамж, өчүүхэн төдий сэрэмж алдахыг ч андахгүй байгаа. Манай улсын Засгийн газрын зүгээс ч олон арга хэмжээнүүд авч байгаа. Боломж бололцоогоорр анхааруулж, сэрэмжлүүлж байна. Сүүлийн үед гадаадад байгаа иргэдээ авчирч байгаа нь сайн хэрэг ч тэр хэрээр вирус импортоор орж ирж байна. Урьдчилан сэргийлж, тусгаарлах арга хэмжээ авч байгаа ч байсхийгээд л сэтгэл сэрхийлгэх мэдээлэл явах болов. Дотогш орж ирээгүй юм чинь гэж монголчууд маань тайвширч зорона дэлгэрэх үеийн сэрэмжээ алдаж, маск зүүгээгүй хүн олширч, гадуур сэлгүүцэх нь ихэсчээ. Өнөөх гайхлыг дарах эм, вакцин гараагүй байхад сэрэмжээ багасгаж болохгүй. Хилээр импортоор орж ирэх магадлал тун өндөр гэдгийг гаднаас ирж байгаа монголчуудын маань шинжилгээний хариу анхааруулсаар байна.

Сошиалаар нэг бичлэг явж байна. Бяцхан жаалууд “Аав аа, ээж ээ, таниараа бид бахархдаг шүү, биеэ бодоорой. Бид хичээлээ сайн хийж байгаа, хурдан ирээрэй. Хайртай шүү” гэсэн халуун сэтгэлийн үгстэй бичлэгийг Гашуун сухайтын боомтод ажиллаж байгаа жолооч нарт үзүүлж байх юм. Ар гэрийнхэн, үр хүүхдийнхээ хайр шингээсэн тэр үгс, хүлээн суугаа сэтгэлийн үгсийг сонсссон бүхэн алаг нүдэндээ бөөн бөөн нулимстай. 

Засгийн газар эдийн засагт чухал нөлөөтэй нүүрсний экспортоо хэвийн үргэлжлүүлэх бодлого барьж эхэлсэн билээ. Монгол Улсын экспортолж байгаа нүүрсний 60-70 орчим хувь нь зөвхөн Гашуун сухайтын боомтоор гардаг. Энэ боомтоор гарч байгаа нүүрс, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн автозамын Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө маш өндөр. Энэ бүст 14 мянга орчим нүүрс тээврийн жолооч ажиллаж, ажил амьдралаа зохицуулдаг юм.

Гэхдээ коронавирусын дэглэмтэй холбоотойгоор өнөөдөр Гашуун сухайтад харьцангуй цөөн жолооч Монгол Улсын экспортын нүүрсийг тээвэрлэх ажилд хүчин зүтгэж, хүнд хэцүү цагт хөлсөө дуслуулж байна. Эрдэнэс Монгол компани, Юнител, Цагдаагийн ерөнхий газраас “Бид амь нэгтэй” аянг зохион байгуулж байгаа юм байна. Учир нь энд нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. 

Тиймээс тэдний хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарал хандуулах нь чухал юм. Энэ ажил 2017 оноос шат дараатай хийгдэж эхэлсэн бөгөөд энэ онд нүүрс тээврийн автозамын эвдрэлийг сайжруулж, дараа нь үүрэн телефоны сүлжээтэй болгох технологийг шийдэж өгсөн байдаг. Тээвэр хийж явах үед осол аваар гарсан тохиолдолд жолооч нар гар утсаараа ойрын суурин газраас түргэн тусламж дуудах боломж нээгдсэн нь давуу тал болж өгчээ.

Таван толгой-Гашуун сухайтын автозамд одоо хорь орчим бие засах газар, хогийн цэг, зогсоолын талбай байгуулагдсан байгаа. Жолооч нар ч зориулалтын зогсоолдоо тээврийн хэрэгслээ тавиад хэвшчихжээ. Тээврийн жолооч нарын материаллаг талыг ямар ч байсан ингээд шийдээд өгчихсөн. Харин одоо жолооч нартаа эрүүл зөв хандлага суулгах нь чухал гэж мэргэжлийнхэн үзэж байна. Манайхан хэнэггүй улс шүү дээ. Хүн хэлэхээс нааш гэдэг шиг, сануулахгүй л бол бид мартахдаа амархан. 

Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд нүүрс тээвэрлэж байгаа 14 мянган жолооч тус тусдаа бие даасан хүн. Гэсэн хэдий ч тэд нэг нэгнээсээ хамааралтай. Нэг жолооч осол аваар гаргахад нийт тээвэрт саатна. Нэг жолооч халдварт өвчнөөр өвдөхөд хэд хэдэн жолоочид хандана.

Иргэн хүн тээвэр хийж, мөнгө олж ар гэрийнхнээ тэжээх хэрэгтэй ч хүний амь нас гэдэг юунаас ч үнэтэй. Энэ салбарт том асуудал гарвал 14 мянган хүний ар гэрт хүндрэл тулгарна. Тэд коронагийн халдвараас сэргийлж чадвал ар гэрийнхэн ч мөн эрсдлээс ангид байна. 

Цагдаагийн ерөнхий газар “Бид үргэлж хайртай хүмүүсээ бодож, өөрийгөө хайрлажбайх хэрэгтэй” гэдэг үзлийг нийгэмд түгээж, хэд хэдэн аяныг амжилттай зохион байгуулсныг уншигчид мэдэж байгаа. “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ”, “Ятгах тусам нягтал” аянууд улс орон даяар зохион байгуулагдаж, одоо нийтийн дунд ердийн үг ярианы хэвшил болсон байна.

Харин энэ удаад ЦЕГ, Эрдэнэс Монгол, Юнителийнхэн хамтарч нийгмийн хариуцлагын хүрээнд бүсчилсэн аян зохион байгуулжээ. Аяны хүрээнд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, амны хаалт, гар ариутгагч болон өдөр тутмын хэрэглэдэг эд зүйлсийг хүргэж өгчээ. 

Мөн үргэлж хилийн дээс алхан, халдварын эрсэлтэй бүс рүү явж байгаа тэдний гадаад паспортыг“Бид нэг амьтай” хавтасаар гадарлажээ. Жолоочийн замын хань болсон сонсох дуртай дууных цомгийг өгч,тэрхүү цомогт анхааруулга, уриалга, ар гэрийнхнийх нь мэндчилгээг суулгаж өгчээ. Гэртээ олон жил, сараар хариагүй аав, ээждээ ар гэрийнхэн, хань, үр хүүхэд нь хайртайгаа хэлж, эрүүл саруул байхыг хүссэн бичлэгийг Гашуун сухайтад байгаа жолооч нарт үзүүлсэн нь ийм учиртай байж. Бид нэг амьтай. Хэн нэгэн өвдвөл хайртай бүхэн нь шаналдаг. Дор дорноо хичээвэл хайртай бүхэн минь жаргалтай. Энэ дэлхий бидний дэлхий. Бидний дэлхий амар амгалан байг. Хаа нэгтээ харь холын оронд олон хүн аюулт өвчнөөр нас барж байгааг сонсоод энд бид залбирдаг. Тэд өвдвөл бид ч өвдөх магадлалтай. Тэд эрүүл саруул болж байвал энд байгаа бид ч тэр аюулаас хол байх, эрүүл байх магадлал ихэснэ. Хилийн хажууд ажиллаж байгаа хэдэн жолооч маань эрүүл саруул байвал гэр бүл нь жаргалтай. Олон гэр бүл аз жаргалтай байвал Монгол Улс амар амгалан. Бид нэг амьтай. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.