Б.Баттүшиг: Э.Цэндбаатарын эрх ашгийг хамгаалж дэмжихийг хичээнгүйлэн хүсч байна

Б.Баттүшиг: Э.Цэндбаатарын эрх ашгийг хамгаалж дэмжихийг хичээнгүйлэн хүсч байна

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын асуудлаар МҮОХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд “Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой сөрөг мэдээллүүд тархаж байгаа тул энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Миний бие “Токио 2020” Олимпын наадамд багийн ахлагчийн хувиар оролцох үедээ тухайн тамирчныг бүх талаар дэмжин ажиллаж, холбогдох байгууллагуудад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэн, үүссэн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулан ажилласан билээ.

МҮОХ-ны дүрмийн дагуу МҮОХ нь спортын холбоодын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй ч олимпизмын үзэл санааг дэлгэрүүлэх, тамирчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байдаг. Үүсээд буй асуудалтай холбогдуулан МҮОХ-ны тамирчдын комиссын дарга Д.Отгондалай тамирчдын эрх ашгийг хамгаалан дэмжиж ажиллахыг хичээнгүйлэн хүсье.

Спорт холбоодын үйл ажиллагаа, шийдвэр нь ямагт тамирчдад ээлтэй байдлыг эрхэмлэн гардаг, тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд зөвшөөрөгдсөн хүрээнд олон тамирчин оролцож, үнэтэй туршлага хуримтлуулах үндэс болдог гэдэгт миний бие бүрэн итгэдэг.

Мөн дээрх асуудалтай холбогдуулан ирэх арваннэгдүгээр сард товлогдсон МҮОХ-ны чуулгантай холбоотой одоогийн удирдлагуудыг харлуулах, хуурамч мэдээлэл түгээх, үндэслэлгүйгээр дайрч давшлах үйлдэл ихээр гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлье. Спорт, олимпзмын төлөө ажиллаж байгаа хэн бүхэн шударга, ёс зүйтэй өрсөлдөхийг хүсэж байна” гэжээ. 

МҮОХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.БАТТҮШИГ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.