С.Энхболд: Түргэвчилсэн тестээр шинжилгээ авлаа гээд тухайн өрхийн эмнэлэг иргэнээс төлбөр авах үндэслэл байхгүй

С.Энхболд: Түргэвчилсэн тестээр шинжилгээ авлаа гээд тухайн өрхийн эмнэлэг иргэнээс төлбөр авах үндэслэл байхгүй

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 273 мянган хүн ковид-19-өөр халдварласан. Одоогоор 20.700 орыг дэлгэн тусламж үзүүлж, 40 мянган хүнийг гэрийн хяналтад эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. 1.075 жирэмсэн эх, 3.274 хүүхэд эмнэлэгт хэвтэн тусламж үйлчилээ авч байна. Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 2.900 тохиолдолд батлагдаж, 2.000 гаруй хүндэвтэр, маш хүнд оноштой 315 хүн байна.

Вакцинжуулалт нэгдүгээр тун 69.1, хоёрдугаар тун 61 хувьтай байна. Гуравдугаар тунд зорилтот бүлгийн 14 орчим хувийг хамрууллаа. Зургадугаар сарын давлагааны үеэр эмнэлэгт 14 мянга, гэрээр 30 мянга орчим иргэн эмчлүүлж байсан бол энэ удаа эмнэлэгт 20 мянган ор дэлгэсэн. Эрүүл мэндийн салбар дээд цэгтээ хүрч ажиллаж байна. Эмнэлэгт хандах хүсэл нь давамгайлж, эмнэлгийн ор дүүргэж байгаа асуудал бий. Гэсэн хэдий ч гэрээр эмчлүүлж байгаа хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүс буюу жирэмсэн, ахимаг настай хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэх чиглэл өгсөн. Мөн ковид-19 халдвараар өвчилсөн нь батлагдсан бол нэг өвчтөний эмчилгээнд 160 мянган төгрөгөөр баталсан. Долдугаар сараас энэ тариф мөрдөгдөж эхэлсэн. Шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэг дээрээ очиж түргэвчилсэн шинжилгээ өгнө. Түргэвчилсэн тестээр шинжилгээ авлаа гээд тухайн өрхийн эмнэлэг иргэнээс төлбөр авах үндэслэл байхгүй. Шинжилгээний хариунаас гадна хэд, хэдэн шинж тэмдгээр халдвар авсныг оношилно.

Арбидол эмийг КОВИД-19-ийн эмчилгээнээс хассан зүйл байхгүй. Зөвхөн өвөрмөц эмчилгээний заалтаас хасаж, өргөн хүрээний үйлчилгээний жагсаалтад оруулсан. Ингэснээр тухайн эмийг ганцхан КОВИД-19-ийн эмчилгээнд биш бусад төрлийн өвчинд хэрэглэх боломжтой болсон юм.

Манай улс нас баралтыг харьцангуй бага түвшинд барьж буй улсын тоонд орж, дэлхийд 12-т орж байна. ЭМЯ-ны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэж байдаг. Тухайн байгууллага ямар эм дутагдаж байгааг тооцоолж судалгаа хийдэг” гэлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.