ХСҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон Хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасаг бүрэн шинэчлэгджээ

ХСҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон Хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасаг бүрэн шинэчлэгджээ

Хавдар судлалын үндэсний Эрчимт эмчилгээ, Хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасагт их засвар хийж, нээлтийн арга хэмжээ болж УИХ-ын эрхэм гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайд Н.Энхболд, Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Наран ижий заяа ТББ-ын захирал, хавдрыг даван туулагч Ш.Ариунаа, Баянгол дүүргийн ЭМТ-ийн дарга З.Балдандугар, Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд нарын зочид уригдан оролцжээ.


Засвар хийх нэг жилийн хугацаанд тус төвийн ерөнхий мэс засал, эмэгтэйчүүдийн мэс заслын тусламж үйлчилгээг Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, “Амгалан” амаржих газарт хийж байжээ.



1961 онд Цацраг туяа эмнэлэг нэртэй байгуулагдсанаар Монгол Улсад хавдар судлалын алба үүсэн хөгжиж энэ онд 60 жилийн ой нь тохиож байна. Тус эмнэлэг нь 1982 онд тухайн үеийн ЗХУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан шинэ цогцолбор болох одоогийн байрандаа нүүж орсноор Хавдар судлалын төв болон үйл ажиллагаа нь өргөжин тэлжээ.

Тэр үед байгуулагдсан хагалгааны хоёр ортой мэс заслын өрөөг дундуур нь тусгаарлан дөрвөн  ортой болгон өргөжүүлсэн энэ хэсэгт хавдрын бүх төрлийн мэс заслыг байв. Мэс заслын хуучин өрөөнүүдийн зохион байгуулалт, багтаамж, тоног төхөөрөмж, тоноглолт нь бүхэлдээ элэгдэн хуучирч, орчин үеийн шаардлагыг хангахгүй болсон тул их засварт хийсэн байна.

ХСҮТ-ийн удирдлагуудын хичээл зүтгэл, ЭМЯ-ны дэмжлэгээр 1982 оноос хойш анх удаа иж бүрэн шинэчлэн засварлаж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, ламинар урсгал бүхий дэлхийн жишигт нийцсэн, бүрэн вакуумжсан хагалгааны зургаан өрөө, зургаан  ортой сэрээх өрөө бүхий хагалгаа, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасаг, есөн ор бүхий эрчимт эмчилгээний тасагтай боллоо.

ХСҮТ нь жилд дунджаар ерөнхий унтуулгатай 3500 гаруй хавдрын хагалгааг хийдэг байсан бол Хагалгаа мэдээгүйжүүлгийн тасгийг бүрэн шинэчилж нийтдээ хагалгааны 8 өрөөтэй болсноор мэс засал эмчилгээг хийх боломж өмнөхөөс хоёр дахин нэмэгдэж, жилдээ 6200 хүнд үйлчлэх хүчин чадалтай боллоо хэмээн ХСҮТ-өөс мэдээлэв.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.