Н.Шинэбаатар: Хэт их ачааллаас болж серверүүдэд саатал гарсан ч шуурхай ажиллаж, хэвийн ажиллагаанд оруулсан

Н.Шинэбаатар: Хэт их ачааллаас болж серверүүдэд саатал гарсан ч шуурхай ажиллаж, хэвийн ажиллагаанд оруулсан

УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг баталсан. Энэ хуульд “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасан байдаг. 

Ингэснээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон, эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд багтсан 57 заалт дахь зөрчлийг өршөөн хэлтрүүлж буй. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Н.Шинэбаатартай Өршөөлийн тухай хуультай холбоотой торгуулийн явц ямар шатанд явж байгаа талаар ярилцлаа.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хичнээн жолоочийн зөрчлийг өршөөсөн бэ? Торгууль төлөлт ер нь хэдэн хувьтай явж байна вэ?

Хуулийн хэрэгжилт үргэлжилж байгаа учраас тоон статистик мэдээлэл одоогоор эцэслэн гараагүй байна. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хойш 40,300 гаруй жолоочийн эрхийг сэргээсэн. Харин торгууль төлөлт 2021 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 08:00 цагийн байдлаар орон даяар 26.7 хувь байна. Үүнийг Нийслэл, орон нутгаар нь ангилж үзвэл нийслэлд  33.1 хувь, Орон нутагт 22.7 хувьтай байна.

Иргэд торгуулийн мэдээллээ хэрхэн хялбар аргаар шалгаж, төлөх боломжтой вэ?

Иргэд торгуультай эсэх мэдээллээ  smartcar.mn болон  torguuli.police.gov.mn  сайтаас тээврийн хэрэгслийн дугаар болон жолоочийн үнэмлэхний дугаараар авах боломжтой.

Харин торгуулиа дараах байдлаар төлөх боломжтой. Үүнд:

  • Арилжааны бүх банкаар
  • E-Mongolia аппликейшн
  • Гэрэгэ систем
  • QR, QPay болон Smartcar.mn сайт зэрэг цахимаар торгуулиа төлж болно.

Иргэд торгуулиа цахимаар төлөхөд дээрх аппликейшн болон сайтууд гацах,  уншаад орохгүй удаж байна гэх мэт санал гомдол их байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Сүүлийн 2 хоногийн хугацаанд иргэдийн торгуулиа төлөх байдал нэмэгдэж, банк, санхүүгийн байгууллага, “Үндэсний дата төв” УТҮГ, “Гэрэгэ системс”, “Смарт кар”, Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд ачаалал үүсэх, зарим банкны системд саатал гарах, серверүүд нь ачааллаа дийлэхгүй байх зэрэг хүндрэл гарсан.

Дээрх ажлыг эрчимжүүлэх зорилгоор холбогдох байгууллагууд дараах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

  • Нийслэлийн мэдээллийн технологийн газрын “Смарт кар” /Smartcar.mn/ цахим систем, торгууль төлөлт идэвхжиж байгаатай холбоотой системийн хандалт, ачаалал эрс нэмэгдэж “Үндэсний дата төв” УТҮГ дээр байрлах серверийн үзүүлэлт, тоог нэмэгдүүлж, зарим алдаатай программыг засах ажлыг зохион байгуулсан.
  • “Гэрэгэ системс” ХХК–ний нэвтрүүлсэн иргэд биеэр үйлчилгээ авах боломжтой “Гэрэгэ киоск машин”-ны ачаалал нэмэгдсэнтэй холбоотой уг аж ахуйн нэгжийн зүгээс нэмэлтээр сервер, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, шуурхай үйлчилгээний баг ажиллуулж эхэлсэн.
  • Иргэд банкны салбар дээр биечлэн ирж үйлчилгээ авахаас гадна Төрийн банкны “Гялс банк апп”, Голомт банкны интернэт үйлчилгээ, SocialPay, “Голомт апп”, Худалдаа хөгжлийн банкны бүх салбар, цахим үйлчилгээ нь хэвийн явагдаж байна.
  • “E-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой болсон. Тус үйлчилгээг авахын тулд жолооч та “e-Mongolia” системд

Нэвтрэх

– Жолоодох эрх, тээврийн хэрэгсэл

– Тээврийн хэрэгсэл

– Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат дараатайгаар үйлчилгээг сонгон, торгуулиа төлөх боломжтой болсон.

Мөн цаашид “E-баримт”-аар дамжуулан торгуулийн төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Харин дээрх банк, санхүү, төлбөр тооцоог хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдүүдэд торгуулийн мэдээллийг дамжуулж байгаа “Үндэсний дата төв” УТҮГ-ын хариуцан ажиллаж байгаа төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээс харилцан мэдээлэл солилцох, иргэд төлбөрөө төлсөн талаар мэдээллийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн системд илгээх үед зарим тохиолдолд алдаа гарч, иргэд гомдол, саналаа Тээврийн цагдаагийн албанд ирүүлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн мэдээллийн сангийн torguuli.police.gov.mn  цахим системд торгууль төлөлттэй холбоотойгоор энэ сарын 26-ны өдөр 26758, 27-ны өдөр 108722, 28-ны өдөр 134980 удаагийн хандалт хийгдэж, ачаалал үүссэнээс гарсан саатлыг шуурхай засварлаж, хэвийн ажиллагаанд оруулсан байна.

Ярилцсанд баярлалаа.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.