Beatles: Жон Леннон, Йоко Оно нарын олонд ил болоогүй ярилцлагыг 38 мянган фунт стерлингээр заржээ

Beatles: Жон Леннон, Йоко Оно нарын олонд ил болоогүй ярилцлагыг 38 мянган фунт стерлингээр заржээ

Домогт “The Beatles” хамтлагийн дуучин Жон Леннон болон түүний гэргий, Японы зураач, дуучин  Йоко Оно нарын урьд өмнө олонд ил болж байгаагүй ярилцлагуудыг дуудлага худалдаагаар 38000 фунт стерлинг буюу монгол мөнгөөр 146.300.000 төгрөгөөр зарагджээ.

Тодруулбал, хосуудын “The Beatles” хамтлагийн аль дуунуудад дуртай болох мөн тэдний “Энх тайвны төлөөх хэвтээ жагсаал”-ын талаар ярьсан ярилцлага бүхий хуурцгуудыг дуудлага худалдаагаар зарсан байна.

1969, 1970 онуудад Канадын нэрт сэтгүүлч Кен Зейлиг хосуудтай гурван хэсэг бүхий нийт 91 минутын ярилцлага хийж байсан бөгөөд үүнээс зөвхөн тав орчим минутыг 1980-аад онд олон нийтэд хүргэж байжээ.

Хосууд 1969 онд Монреалийн “Queen Elizabeth” зочид буудлын өрөөнд найман өдрийн турш “Энх тайвны төлөөх хэвтээ жагсаал” хийсэн бөгөөд энэ үеэр тэдэнтэй “The Beatles” хамтлагийн сүүлийн цомог болох “Abbey Road” хэзээ худалдаанд гарах,  хамтлагийн ирээдүй зэрэг олон сэдвээр ярилцсан байна.

Түүнчлэн Ж.Леннон бие даасан уран бүтээлчээр ажиллах тухай, түүний хөгжмийн салбар дахь нөлөө, “The Beatles” хамтлаг Их Британийн эзэнт гүрний шилдэг гавьяаны одонг хүртсэн тухай болон өөрсдийн хайр дурлал, хүүхэдтэй болох төлөвлөгөөнийхөө талаар ярьсан байжээ.

Канадын сэтгүүлч Кен Зейлиг 30 жилийн турш чөлөөт сэтгүүлчээр ажиллаж, олон алдартай зураач, нийгмийн зүтгэлтнүүдтэй ярилцлага хийжээ. Тэрээр 1990 онд таалал төгссөн байна.

12 цуврал ярилцлага бүхий хуурцгийг сэтгүүлчийн хүүхдүүд саяхан олсон бөгөөд тэр дунд “The Beatles” хамтлагийн менежер, “Apple records” студийн гүйцэтгэх захирал Нил Аспиналлтай тус хамтлагийн уран бүтээлийн талаар ярилцсан ярилцлага мөн багтаж байгаа аж.

Ярилцлагын жижиг хэсэг 1980-аад оны сүүлээр Америкийн радиогоор цацагдаж байсны зэрэгцээ “The Lost Lennon Tapes” нэртэй баримтат цувралын нэг хэсэг болжээ.

эх сурвалж: BBC.com, CNN.com


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.