У.Хүрэлсүх: Иргэд халамж аваад байлгүй хөдөлмөрлөх хэрэгтэй

У.Хүрэлсүх: Иргэд халамж аваад байлгүй хөдөлмөрлөх хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод тарих” шинэ зарлигийг танилцуулсан бөгөөд энэ үеэр:

“Би аль нэг намаас сонгогдсон төрийн тэргүүн биш. Монголын ард түмэн намайг сонгосон. Миний ажил шинэ нисэхийн хажууд байгуулагдсан мод тарих хөдөлгөөнөөс эхэлж байна. Монголчуудын эхлүүлсэн энэ үйлийг бүгд дэмжихийг хүсэж байна. Ногоон Монгол болгож, эх орноо аварч, үр хүүхдээ аврахын төлөө хичээе. 8 наснаас 80 насныхан байгаль хамгаалагч болж төлөвшинө. Байгаль дэлхий хамгаалсан хүмүүст Алтангадас одон өгдөг болгоно. Шинэ шагналын нэршил ч гаргана гэж бодож байгаа. Мөн халамжийн бодлогыг мод тарих ажилтай холбоно. Иргэд халамж аваад байлгүй хөдөлмөрлөх хэрэгтэй байна. 330 сум цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Хүүхдүүд, хөгшид нарлах газартай болно. Мод тарих нь хүүхэд өсгөхтэй ижил хариуцлагатай ажил. Тиймээс модыг зөвхөн тариад орхихгүй” гэсэн юм.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан талаар мэдээлэл хийж “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гарч, хүргэгдэж байна гэлээ. Уг зарлигт:

  • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөрт гарган ажиллах,
  • Жил бүр ДНБ-ний нэг хувиас доошгүйг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах,
  • Улс, орон нутгийн төсвийн хөрөнгийн тодорхой хувийг байгальд ээлтэй, ногоон байгууламж бүхий эрх зүйн орчныг бүрдүүлэх,
  • Ойн агентлагыг сэргээн байгуулах, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд мод тарих үйлсийг уялдуулах,
  • Иргэн, ААН-ийн тарьсан модыг улсын нэгдсэн санд бүртгэж авах,
  • Тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулж, бодит дэмжлэг үзүүлэх,
  • Гадаадаас ирж байгаа жуулчдыг мод тарихад нь дэмжих,
  • Дүүрэг, сум болгон ногоон байгууламж бүхий хүрээлэн бий болгож, иргэдэд мод тарих үйлсийг Сурталчлан таниулж, бүх нийтийн үйлс болгох,
  • Мод тарихад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх зэрэг чиглэлийг Засгийн газарт үүрэг болгосон гэлээ.

Түүнчлэн нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдрөөс эхэлж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгч өөрөө биечлэн зарим арга хэмжээнд оролцоно” гэсэн юм.  


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.