Сонгинохайрхан дүүрэг МАН-ын мэдлээс гарч МАХН-д очих уу?

Сонгинохайрхан дүүрэг МАН-ын мэдлээс гарч МАХН-д очих уу?

СХД-ийн нөхөн сонгуульд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар МАН-аас нэр дэвшиж байгаа. АН-аас хотын дарга асан Э.Бат-Үүл нэр дэвшсэн. ХҮН намаас Б.Найдалаа нэр дэвшсэн. Шинэ нам, Үнэн ба зөв нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гэх мэт нийт долоон нэр дэвшигч өрсөлдөж байна.

СХД-т МАН-аас нэр дэвших магадлалтай МАН-ын бэлтгэсэн боловсон хүчин цөөнгүй, тодорхой байсан. Тэгтэл МАХН-ын дарга Намбарын Энхбаяр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тохироо хийж хүү Батшугарыгаа УИХ-ын гишүүн болгох сонирхлоор Сонгинохайрхан дүүрэгт заавал нэр дэвшүүлэх тохиролцоо хийсэн. МАХН, МАН-тай нэгдэхэд Н.Энхбаяр гол хоёр томоохон тохироо хийсэн. Хүү Э.Батшугарын нэр дэвшилтээс гадна Засгийн газрын харьяа 3 яамны сайдыг авна гэх тохироо хийсэн гэгдсэн. Эхний тохироо нь үнэн болох нь батлагдаж СХД дээр МАН-ын боловсон хүчин, залуучуудыг өшиглөж нялх сэнгүм Э.Батшугар шууд орж ирсэн. Одоо улс төрд олон жил явсан, хорчин гэдгээрээ алдартай Н.Энхбаяр атгасан бариулаа ахиулан 3 яамны сайдыг МАХН-даа авчрах асуудлаа идэвхийлэн ярьж яваа гэх.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ганхаж магадгүй тухай дуулдаад удаж байна. Хоёрдугаар ээлжийнхэн ч хоолондоо орох тухай яриа саарал ордноор хаа сайгүй явна.

Ямартаа ч хал үзэж хашир долоосон Монголын төрийн өндөр бүхий л албан тушаалыг хашсан Намбарын хүү Энхбаяр Монголын улс төрд хүчтэйгээр буцаж ирлээ. Хүү Э.Батшугар СХД-т нэг наалдсан бол салахгүйгээр үл барам дүүргийн намын даргыг авахаар улайрах нь тодорхой биз. Улс төрд өөрийн гараар хөтөлж оруулсан ирсэн хүү Э.Батшугарыг улс төрд ганхахгүй болтол нь ган бат гагнахын тулд Сонгинохайрхан дүүргийг өөрийн болгохоор улайрах нь тодорхой. Н.Энхбаяр МАХН гэх бүхэл бүтэн нам, түүнийг тойрсон гишүүнтэй. МАХН-ынхныг хатуу гишүүнчлэлтэй ч гэдэг. Даршамд дурдахад тэргүүн хатагтай асан Н.Энхбаярын гэргий Цолмон УИХ-д нэр дэвшиж байсан.

Н.Энхбаярынхан СХД-ийг базах нь тодорхой болж байх шиг байна. СХД час улаан тойрог буюу МАН-ын мэдлийнх байсан бол тун удахгүй МАХН-ын мэдэлд буюу Н.Энхбаярын мэдэлд ч шилжиж мэдэх нь.

Л.НАРАНЦЭЦЭГ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.