Цэс Close

“Инфляцын бирд” лонхноосоо хальжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийхдээ жагссан залуучуудаас тавьсан 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 орчим саналтай холбоотой Засгийн газар нухацтай судалж, Ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон судалгааны байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаар хэллээ. Дэвшүүлсэн асуудлуудын 60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэх юм гэнэ.

Эндээс дүгнэвэл, Монгол улсын Засгийн газар хийх ёстой ажлаа мэдэхгүй байгаа нь илт байна. Учир нь жагссан залуус тодорхой асуудал гарган тавьснаар өнөөгийн Засгийн газрыг ямар нэгэн шийдэл гаргахаар хөдөлж байгаа гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд өөрөө хүлээн зөвшөөрөв. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг хүндэрсэн төдийгүй гадаад орчин, нөхцөл байдал  нэн хурцадсан нэн ярвигтай үе. Монгол улсын эдийн засаг хоёр жил дараалан агшиж зогсонги байдалд орсон төдийгүй өндөр инфляц нүүрлэжээ. Энэ нь ойрын хугацаанд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх дохио мөн. Мөн Оросын Украинд явуулж байгаа цэрэг дайны үйл ажиллагаатай холбоотой хүнсний хомстол нүүрлэх, бусад тодорхойгүй байдал бүрджээ. Ийм эгзэгтэй үед Засгийн газрын үйл ажиллагаа болон  УИХ-аас гаргаж буй бодлого шийдвэр туйлын сул, өнөө маргаашаа аргацаасан алсын хараагүй байна. Өнөөдрийг хүртэл эрх баригчид эдийн засагт хямрал нүүрлэж, үнэ огцом өссөн учир шалтгаанаа ч ойлгосонгүй. Тусгаар улс эрчим хүч, хүнсний бие даасан байдалтай байх ёстой. Энэ талаар яригдаж буй бодлого ч алга. Нэг удаагийн хууль гаргах замаар шатахуун, гурил, махны хомстлоос гарна, үнэ буулгана гэж сэтгэж байх жишээний. Оросын нефтийн бүтээгдэхүүн хоригт орсон цагаас эхлэн үнэ нь дэлхийн зах зээлийн ханшаар зарагдахаа больсон. Энэтхэг, Хятад зэрэг орнуудад дэлхийн зах зээлийн ханшнаас 35-40 ам.доллар-аар хямдаар нийлүүлэх санал тавьсан тухай яригдсан. Гэтэл манай улсад эсрэгээрээ үнэ нь нэмэгдсээр. Манай экспортын гол түүхий эдийн үнэ ханш урд хөршид огцом өсөж супер цикл үргэлжилж байна. Гэтэл бид хаяанаасаа түүхий эдээ гаргаж чадахгүй халаасандаа валютгүй сууж байх жишээтэй. Энэ нь эрх баригчид хоёр хөрштэйгээ ч хэл амаа олж чадахгүй байгаагийн тод жишээ. Ийнхүү эдийн засгаа хэд дахин тэлэх боломжийг хямралаар сольчихсон мунгинаж сууна.

Бусад улс орнууд үүссэн нөхцөл байдалд бодитой дүн шинжилгээ хийж, ирээдүйд гарч болох үр дагавраа цогцоор нь шийдвэрлэхээр  ид хэлэлцэж байна. Тэртээ Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож тарифын дайн эхлүүлсэн үеэс л дэлхийн дийлэнх улсад “хямралын үеийн удирдлага” ажиллаж эхэлсэн. Дараа нь цар тахал, залгаад ОХУ, Украины дайн дэгдлээ. Харамсалтай нь, энэ бүхнийг үл анзаарсан Монгол улс төсвөө тэлж, мөнгөний нийлүүлэлтийг олон их наядаар нэмэгдүүлэх “харалган бодлого” хэрэгжүүлсээр ирлээ. Энэ бүхний тусгал эдийн засгийн хямрал, үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурал юм шүү дээ.

Өнгөрсөн 3 сард дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 20 хувьтай өсөв. Үүнд, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох улаан буудай 17%, ургамлын тос 23.2%, элсэн чихэр 6.7%, мах 4.8%, сүү сүүн бүтээгдэхүүн 2.6% тус тус өссөн байна. Энэ нь 1990 онд анх хүнсний бүтээгдэхүүний судалгаа хийснээс хойш хамгийн өндөр үзүүлэлт юм. Ийнхүү улс орон бүрд инфляц өсөх нь тодорхой боллоо. Тухайлбал, Өнгөрсөн 3 сард АНУ-д  инфляц 8.5%(Сүүлийн 40 жилийн өндөр үзүүлэлт), Их Британид 7%( Сүүлийн 30 жилийн өндөр үзүүлэлт), Турк-д 61%, ОХУ-д 16.7% хүрчээ.

Дэлхий нийтийг хамарсан коронавирусын хямралаас үүдэлтэй эдийн засгийн уналт дээр түүхий эдийн үнийн өсөлт, нийлүүлэлтийн гаралтай саатал нэмэгдэж инфляцыг хөөрөгдөж байна. Дэлхийн олон улс орон цар тахлын дараах тамирдсан эдийн засгаа сэргээх арга зам эрэлхийлж байх хооронд ОХУ, Украины хооронд дайн дэгдэж хямрал болох эрсдэлийг улам нэмлээ.

Геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг үр дагавар зөвхөн хоёр улсаар хязгаарлагдахгүй. Энэ нь дэлхийн стагфляцийн уналтад хүргэж болзошгүй гэж Нью-Йоркийн их сургуулийн Стерн бизнесийн сургуулийн судалгааны дүн гарсан.

Аливаа улсын эдийн засаг агшиж хямрахтай зэрэгцэн үнэ өсөх үзэгдлийг эдийн засагт стагфляци гэж нэрлэдэг. Ийнхүү эдийн засгийн хоёр чухал макро үзүүлэлт сөрөг байхыг, өөрөөр хэлбэл, зогсонги байдал + инфляц = стагфляци үүсэх бодит нөхцөл юм.  Энэ үзэгдэл 1970-аад онд газрын тосны хямралаас шалтгаалж АНУ-ын ДНБ огцом буурахтай зэрэгцэн инфляц буюу үнэ өссөн “хар үе”-ийг ийн нэрлэж томъёолсон юм. Стагфляциас гарах арга замыг АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Пол Волкер санал болгож байжээ. Мөнгөний хэт чанга бодлого нь бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэд нэн хүндээр туссан ч хямрал, мөнгөний ханшийн уналтыг зогсоож чадсан байдаг. Тэр үед АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жимми Картерын улс төрийн карьер ч дуусгавар болсон юм. Түүнийг сонгогчид дахин сонгоогүй бөгөөд Америкийн түүхэн дэх хамгийн нэр хүнд муутай ерөнхийлөгчийн нэг болж үлджээ.

Стагфляцийн үед өндөр инфляцаас гадна эдийн засаг агшиж  ажилгүйдлийг нэмэгдүүлдэг. Инфляцыг бууруулах хүчин чармайлт нь ажилгүйдлийг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшин бууруулах арга хэмжээ нь инфляцаа нэмэгдүүлдэг. Тиймээс шийдвэрлэхэд ярвигтай асуудал. Энэ үзэгдэл үүсэх үндсэн хоёр том шалтгаан бий. Нэгдүгээрт, нийлүүлэлтийн шокоос үүдэлтэй бараа, үйлчилгээний үнэ буюу инфляц өсдөг. Тухайлбал, Газрын тосны өртөг огцом өсөхөд үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж компаниудын ашиг орлого огцом буурсан. Өнөө үед цар тахлаас хамаатай нийлүүлэлт ложистикийн хаос болж байна. Хоёрдох шалтгаан нь эдийн засгийн үр дүнгүй буруу бодлого. Мөнгөний нийлүүлэлт огцом нэмэгдүүлж, төсвөө хэт тэлэх нь инфляцаа өдөөж эдийн засагтаа муугаар нөлөөлдөг. Бодит жишээ нь Монгол улс.

2020 онд Монгол улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан. Ардчилсан хувьсгал ялж зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш манай улсын эдийн засаг ийм хэмжээнд агшиж байсангүй. 2021 онд ДНБ-ний өсөлт ердөө 1.4 хувьтай байсан нь манай улсын эдийн засаг гүн хямралд орсныг илтгэнэ.  Өнгөрсөн 3-р сард Монгол улсын хэмжээнд инфляц 14.4 хувьтай гарсан нь Ази тивд Шри-Ланк, Иран улсын дараа гуравт орох өндөр үзүүлэлт юм. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өдөр ирэх бүр өсөж орлого нь хумигдсан ард иргэдийн амьдралд ялангуяа дундаас доош орлоготой болон ахмад настнуудын амьдралд туйлын хүндээр нөлөөлж байна. Сүүлийн хоёрхон сарын хугацаанд  ам.долларын ханш 12-15 хувиар чангарч олдоц нь эрс багасаж, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч эхэллээ. Компаниуд хаалгаа барьж, олон мянган ажилчдаа цомхтгохоос өөр аргагүй байдалд хүрч ажилгүйчүүдийн эгнээ тэлж байна. Энэ бүхэн Монгол улс стагфляцад нэрвэгдсэнийг батлан харуулах үзүүлэлт. Ядаж байхад, гадаад нөхцөл байдал ч улам хүндэрлээ.

Орос-Украинд өрнөж буй дайн дэлхийн эдийн засагт нэгэн зэрэг хэд хэдэн сувгаар нөлөөлнө. Нэгдүгээрт, Орос, Украин нь титан, палладий зэрэг түүхий эд болон үр тариа, эрдэнэ шишийн дэлхийн зах зээлд гол нийлүүлэгчид юм. Тиймээс нийлүүлэлт нь тасалдах, үнэ өсөхөд эдгээр түүхий эдийг ашигладаг үйлдвэрүүд, тухайлбал автомашины үйлдвэрлэл, ухаалаг гар утасны үйлдвэрлэл, нисэх онгоцны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх юм.

Хоёрдугаарт, эрчим хүчний үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байгаа нь инфляцыг хөөрөгдөх нэг шалтгаан боллоо.  Гуравдугаарт, Украинаас дүрвэж буй их хэмжээний цагаачдын асуудал. Мөн улс төрийн болон тодорхойгүй байдал гэсэн эрсдэлүүд бий болжээ.

Эдийн засагчид эрчим хүчний зах зээл дээрх нөхцөл байдлыг Арабын орнуудад нефтийн хориг тавьсан 1973 оны нефтийн шок, 1979 онд Иранд гарсан хувьсгалын дараа газрын тосны хямралтай холбоотойгоор дэлхийн эдийн засгийн хямрал болсон үетэй адилтгаж байна. Гэхдээ нөхцөл байдал зөвхөн газрын тосны цочролоор хязгаарлагдахгүй. Орос Украин  бол дэлхийн улаан буудайн хамгийн том экспортлогчид.  Энэ хоёр улс дэлхийн экспортын бараг 30 хувийг хангадаг. Улаан буудайн фьючерс өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Чикагогийн хөрөнгийн бирж дээр сүүлийн 14 жилийн дээд түвшинд хүрчээ. Украин бол эрдэнэ шишийн томоохон экспортлогч бөгөөд дэлхийн экспортын тавны нэгээс илүү хувь энэ улсад оногдож байна. Орос бол дэлхийн хамгийн том бордоо экспортлогч. Энэ нь дэлхийн хүнсний нөөц буурч, дэлхийн хүнсний үнэ өсөж дэлхийн хүнсний хангамжид хомстлын томоохон эрсдэл үүсэх магадлалыг нэмэгдүүлээд байна.

ОХУ дэлхийн газрын тосны экспортын 11%, хийн экспортын 16%, үнэт металлын 11%, үйлдвэрийн металлын 9%, бордооны 8%, палладий 37%, цагаан алт 12% оногддог. Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Дэвид Малпасс "Зах зээл нийлүүлэлтийн ийм том алдагдалд тийм ч хурдан дасан зохицож чадахгүй бөгөөд энэ нь аль  хэдийн хурдсаж буй инфляц дээр эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэл бий боллоо" гэж анхаарууллаа.   Economist Intelligence Unit-ийн тооцоолсноор 2022 онд дэлхийн инфляц 6%-иас давж (ОУВС-гийн хямралын өмнөх таамаглал - 3.8%), дэлхийн эдийн засаг хямралын өмнөх 3.9%-ийн таамаглалаас 3.4% хүртэл буурууллаа. Дэлхийн эдийн засаг 2022-2023 он 1% агшиж,  1 их наяд доллар алдах нь. Хямрал ямар хугацаанд үргэлжлэхийг таах аргагүй.

Эдийн засгийн төлөв муудаж байгаа энэ үед үнийн өсөлт өндөр байгаа нь улс орнуудын Төв банк мөнгөний бодлогоо чангатгах замаар инфляцтай тэмцэх, эсвэл мөнгөний бодлогыг зөөлрүүлэх замаар эдийн засгаа дэмжих гэсэн салаа замын уулзварт авчирлаа. Эдийн засаг саарч буй үед эдийн засгаа дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авахаас өөр аргагүй.  Гэхдээ ийм бодлого үргэлжлэх нь үнийн өсөлтийг хөөрөгдөж, инфляцыг үулам бүр нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байна. Энэ тохиолдолд төв банкнууд мөнгөний бодлогын хамгийн муу хувилбар руу шилжихээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, эдийн засаг суларч байгаатай холбогдуулан мөнгөний бодлогоо мэдэгдэхүйц чангатгахаас өөр аргагүй болно.

Түүхэн туршлагаас харахад “инфляцын бирд” лонхноосоо гармагц эдийн засаг мөнгөний бодлогоос үл хамааран удааширч хямарна. Ийм байдал 1974-1975, 1980-1981 онуудад тохиолдож байсан бөгөөд дараа нь 1992, 2008, 2011 онд үргэлжилж байсан юм. Энэ бүгдээс дүгнэж үзвэл  эдийн засгийн "зөөлөн буулт" хийх шинэхэн зорилт улс орон бүрийн өмнө тавигдаж байгаа бололтой.

Харин Монгол улсын Засгийн газар 5 сарын хугацаанд төсвөө гурав дахь удаагаа хэлэлцэхээр УИХ-д оруулж ирлээ. Ковидын хуулийг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан хэрнээ төсвөө асар их тэлсэн алдаа ийнхүү “үнэн”-д гүйцэгдэж байгаа хэрэг. Одоо мөнгөний нийлүүлэлт, элдэв хөтөлбөрүүдээ хумьж, үнэ ханш тогтоох элдэв хууль сэдэхийн оронд  ажлын байр болон иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийг идэвхжүүлэх, хувийн хэвшлээ дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах