Цэс Close

Х.Нямбаатар: 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт хорих ял оногдуулна


Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хохирлыг хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэргийг хамааруулах, Мөнгө угаах болон татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн онцлог, олон улсын байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг харгалзан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байхаар хуулийн төсөлд тусгав.

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэгээхэн хэсэг нь авлига албан тушаалын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийн бодлогыг чангатгах юм. Тухайлбал, 

  • хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж,
  • Эрүүгийн хуулийн 22.1-ийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд торгох ялыг оногдуулахгүй,
  • авлига албан тушаалын гэмт хэрэгт хэрэг хялбаршуулсан журмаар шийдэхийг хасаж байгаа,
  • халдашгүй эрхтэй албан тушаалтан гэж бий, энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг нь уртасгаж байгаа
  • нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 20 жилээр хасна зэрэг байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцид нийцэж, Эрүүгийн хуулийн холбогдох бүлэг, зүйлд заасан гэмт хэргийн гаралт буурах, аввлига, албан тушаалтантай тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчим улам бүр баталгаажна гэж үзэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: "Авлига албан тушаалын гэмт хэрэгт ял наймаалцах буюу хэрэг хялбаршуулан шийдэх зүйл ангийг хассан. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүний нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилээр хасахаар тусгажээ. Албан тушаалаа ашиглан авлига авсан хүнд торгох ял оногдуулахгүй, хэргийг хялбаршуулан шийдэхгүй гэсэн зохицуулалтыг хийж өгсөн. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн тухайд 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт торгуулийн ял оногдуулахгүйгээр хорих ял оногдуулахаар хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн.

 Цаашид өршөөл үзүүлэхээргүй байх заалтуудыг мөн тусгаж өгсөн. Тухайлбал бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг болон хүрээлэн байгаа орчны эсрэг зарим төрлийн гэмт хэргүүд дээр өршөөл үзүүлэхгүй байх өөрчлөлтийг оруулсан" гэлээ.

Үүний зэрэгцээ хулгайн гэмт хэргийг хохирлын хэмжээнээс хамаарч Зөрчлийн эсвэл Эрүүгийн хуулиар шийтгэдэг байсан бол жижиг, том гэж ялгалгүй эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах