УИХ-ын Халдашгүй байдлыг дэд хороо ДӨРВӨН гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ
Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн.
УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо Лхагва гаригт хуралдсан боловч түр хойшилсон. Ингээд өнөөдөр халдашгүй байдлыг дэд хороо өнөөдөр дахин хуралдаж, дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Халдашгүй байдлын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд: "Монгол Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг оруулж ирсэн. УИХ асуудлыг тав хоногийн дотор шийдвэрлэсэн байх ёстой. Тийм учраас Халдашгүй байдлын дэд хороо хоёр удаа хуралдлаа. Холбогдох хуулийн байгууллага УИХ-ын нэр бүхий гишүүдээс нэмэлт тайлбар авсан. УИХ-ын даргын чиглэлийн дагуу уржигдар холбогдох хүмүүстэй уулзсан. Халдашгүй байдлын дэд хороо нэмэлт тайлбартай танилцаж, хуралдаанаас нэр бүрий УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ. Эцсийн хариуг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар шийднэ. Энэ асуудалд тодруулах зүйл гарч байна. Прокурорын байгууллагаас асуудлыг нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн. Мөн одоо эдгээр гишүүдийг нэг нэг удаа л дуудаж мэдүүлэг аваад байна" гэлээ.
Ингээд УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны саналыг УИХ-ын Хуульзүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод оруулах юм.
Эргэн сануулахад... УИХ-ын халдашгүй байдлыг дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-д хамгийн олон сонгогдсон гишүүд буюу УИХ-ын гишүүн Н.Энхболд, Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар багтдаг билээ.
Сэтгэгдэл үлдээх