Цэс Close

О.Батнайрамдал: "Роснефть"-тэй гэрээ хийсний үр дүнд АИ-92 шатахууныг 2,390 төгрөгөөр худалдаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ОХУ-д ажлын айлчлал хийсэн бөгөөд энэ үеэрээ ОХУ-аас Монголд нийлүүлэх түлш, шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж болон түлш, шатахууны төлбөрийг хийх нөхцөлийн талаар санал солилцсон. Монгол улсын талаас дэвшүүлсэн тодорхой саналуудыг "Роснефть" компани судалж, ойрын хугацаанд хариу өгөхөө мэдэгджээ.

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал: ААН-үүд 45 хоногийн нөөцөө хэвийн бүрдүүлээд ажиллаж байна. Сүүлийн жилийн хугацаанд дэлхийн зах зээлд АИ-92 болон дизель түлшний үнэ 60-71.3 хувиар өссөн нь 2013 оноос харагдаагүй өндөр үзүүлэлт. Үүн дээр нэмээд он гарсаар дээрх төрлийн шатахууны үнэ 45-48 хувиар өссөн байна. Бидний 2022 оны дөрөвдүгээр сард худалдаж авсан шатахууны үнэ дэлхийн зах зээлд тонн нь 1,110 ам.доллар байна. Үүнийг өртгөөр нь тооцвол литр нь 3,330 төгрөг болж байгаа. Өөрөөр хэлбэл, гаднаас шатахуун литр нь 3,330 төгрөгөөр орж ирж байна гэсэн үг.

Бид өнгөрсөн долоо хоногт манай улсад шатахуун импортлогч "Роснефть" компанитай гэрээ хэлцэл хийж, энэ оны зургаадугаар сар хүртэл нэг тонныг нь 830 ам.доллароор авах болсон. Мөн Засгийн газраас АИ-92 шатахууны гаалийн татварыг тэглэсэн. Эдгээрийн үр дүнд зах зээлд 3,330 төгрөгөөр зарагдах АИ-92 бензин 2,390 төгрөгөөр зарагдах боломж бүрдэж байна" гэлээ.

Мөн уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажил эхэлж буй энэ үед шатахууны үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизель түлшний онцгой албан татварын хэмжээг энэ оныг дуустал тэглэсэн.

Дизель түлшний үнэ дөрөвдүгээр сард литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдсэн. Хэрэв онцгой албан татварыг тэглэхгүйгээр Сингапурын бирж дэх үнээр борлуулсан бол 3714 төгрөгт хүрэх байв.

Өнөөдрийн байдлаар нэг литр дизель түлшийг 3380 төгрөгөөр борлуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах