Л.Оюун-Эрдэнэ: Эрчээ алдсан эрчим хүчний салбарыг сэргээхгүй бол хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ярих боломжгүй
Амгалан дулааны станцын өргөтгөлийн төслийн нээлт өнөөдөр боллоо.
Амгалан дулааны станц нь 2015 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 116 мегаватын нэгж хүчин чадалтай ус халаах гурван зуухтай, 186 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй юм.
Төслийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Хунан индустриал экүйпмент инсталэйшн” ХХК-тай гэрээ байгуулж, ажил эхлээд байна. Төслийн барилга угсралтын ажил 16 сарын хугацаанд хийгдэх бөгөөд төслийн нийт өртөг 65.6 тэрбум төгрөг байх юм.
Амгалан дулааны станцыг өргөтгөл барих төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.
Тэрбээр, Өнөөдөр Та бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Амгалангийн дулааны станцын 116 мегаваттын өргөтгөлийн төслийн нээлтийн түүхэн гэрчүүд болж байна.
Эрчээ алдсан эрчим хүчний салбарыг сэргээж, эрчим хүчний тусгаар тогтнол, бие даасан байдлыг бий болгож чадахгүй бол хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ярих ямар ч боломжгүй.
Харамсалтай нь манай улс 1986 онд Дулааны IV цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэрийг төрийн зүгээс байгуулж чадалгүй ирсэн юм.
Бид эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан.
Гэтэл жил бүр Улаанбаатар хотын хүн ам нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц хэмжээгээр нэмэгдэж, нэмэлт эх үүсвэрүүдийг шаардаж байна.
Хөгжлийн банкны эргэн төлөлт сайжирч байгаа нь Монгол Улс олон улсад тавьсан өрөө хугацаандаа төлөх, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдээ цаг алдалгүй урагшлуулах боломж гарч байна.
Өнөөдөр эхлүүлж буй Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн төсөл хэрэгжсэнээр цагт 116 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, нийслэл Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг дулааны найдвартай эх үүсвэрээр хангаж, улмаар нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүд хэрэгжих суурь нөхцөлийг бий болгож чадна.
Мөн борлуулалтын орлого одоогоос хоёр дахин буюу 49 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт 78 тэрбум төгрөг болно.
Амгалангийн дулааны станцын өргөтгөл хийгдсэнээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувийг хангадаг Дулааны III цахилгаан станцын ачааллыг хуваалцаж, тус станцын хоёрдугаар үе шатны өргөтгөлийн ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм. Цаашид Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, 90 мегаваттын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, 220 мегавттын Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллана аа.
Эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой хүчин чадлыг нь 75 мегаваттаар өргөтгөж, 250 мегаваттаар шинэчлэх III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн 450 мегаваттын дулааны цахилгаан станц, Багануурын 400 мегаваттын Цахилгаан станц, 50 мегавттатаар хүчин чадлыг нь өргөтгөх Чойбалсангийн Дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг цаг алдалгүй эхлүүлж, ашиглалтад оруулах зорилтын эхний томоохон төсөл нь Амгалангийн 116 мегаваттын дулааны станц болж байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх