Ерөнхий сайд чөлөөт бүсүүдийг сарын дотор үйл ажиллагааг нь идэвхжүүлэх үүргийг өглөө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Чөлөөт бүсийн асуудлыг хэлэлцсэн байна.
“Алтанбулаг” чөлөөт бүсийн цахилгаан, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх арга хэмжээ авах, санхүүжилтийг шийдвэрлэх талаар санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Монгол, БНХАУ-ын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээрт заасны дагуу Замын-Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг айлын талын Эрээний хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан төлөвлөхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. Мөн чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг судалж, танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт даалгалаа.
Мөн чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийг шинэчлэн байгуулахаар болов.
Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт мэдээлэл өглөө. Тэрбээр... Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүс байгуулах шийдвэр гараад 20 жил болж байна. Гэвч шийдвэр хэрэгжиж, зорилт биелсэнгүй. Төр төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг дангаар хийхийг оролдсон ч чадаагүй. Ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг батлаагүй, олон ААН-үүдэд газрыг замбараагүй олгосон ч тогтвортой үйл ажиллагаа явуулж чадаагүй.
Тухайлбал, Замын-Үүдийн чөлөөт бүсийн 900 га талбайн 113.9 га газрыг 81 ААН-үүдэд олгосон байна. Гэтэл үүний 5 нь тогмол үйл ажиллагаа явуулж байна. Алтанбулагийн 500 газрын 120-ыг 131 ААН-д олгосон. Одоо 29 ААН үйл ажиллагаа явуулж байна. Цагааннуурын 708 га газрын 101 га-г 4 ААН-д олгосон ч үйл ажиллагаа эхлээгүй байна. Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж, чөлөөт бүсүүдийг Ерөнхий төлөвлөгөөг яаралтай хийж, Засгийн газраар батлуулахаар болсон байна. Харин хэсэгчилсэн төлөвлөгөөг хувийн хэвшлийн сонирхолд нийцүүлэн гаргахаар шийдвэрлээд байна" гэлээ.
Мөн хөрөнгө оруулсан, санхүүжилтийн эх үүсвэрээ олсон, зураг төсвөө хийсэн ААН-үүдийн үйл ажиллагааг нэн яаралтай, сарын хугацаанд идэвхжүүлж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүргийг өгсөн байна.
Сэтгэгдэл үлдээх