Цэс Close

Төмөр замын тээврийн хүрэлцээгүй байдлаас үүдэн цементийн хомсдол бий болж байна

Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны Захиран хувиарлах хэлтсийн орлогч дарга Б.Батмэнд, Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК, “МАК цемент” ХХК, “Мон цемент билдинг материалс” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар цементийн ханган нийлүүлэлт, тээвэрлэлт, үнийн асуудлуудыг хэлэлцэв. Үйлдвэрлэгч нарын зүгээс өмнөх уулзалтуудын үр дүн гарч вагоны тоог нэмсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Гэсэн ч үйлдвэрүүдэд өдөрт 20, 20 вагон шаардлагатай байгаа, УБТЗ-аас өдөрт 10 вагоноор хангаж байгаа учир гүйцэтгэл болон төлөвлөгөө нь 20-48 хувийн алдагдалтай явж байгааг хэллээ. Хэрвээ вагоны тоог үйлдвэрлэгч нарын захиалснаар өдөрт 20 болгож нэмэгдүүлбэл цементийн нөөц бий, үйлдвэрлэл болон уут савалгааны асуудал хэвийн байгаа талаар мэдээлэл өгөв.
4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
Үйлдвэрүүдийн хувьд өдөрт 3000-3800 тонн цемент үйлдвэрлээд байх боломж байгаа ч төмөр замын тээврийн хүрэлцээгүй байдлаас үүдэн хомсдол бий болж, дамжуулан борлуулалт ихэсч, үнэ өсч байгааг хэллээ. Тодруулбал өнөөдрийн байдлаар “МАК цемент” ХХК-ийн ууттай жижиглэнгийн үнэ 16.280 төгрөг, Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн жижиглэнгийн ууттай цемент 15.000 төгрөг, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн ууттай цемент 15.275 төгрөг байна.
Мөн задгай цементийн үнэ 202.800-238.500 төгрөг байгаа бол “Мон цемент” “МАК цемент” ХХК-ийн задгай цемент 269.000-325.600 төгрөгийн үнэ ханштай байгааг танилцуулав.
Үнэ өсч байгаа нь төмөр замын тээврийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан үйлдвэрүүд вагон түрээсэлж, авто машинаар тээвэрлэлт хийж, мөн дамжуулан борлуулалт ихссэнээс үүдэлтэй гэлээ. Харин “УБТЗ” ХНН-ийн зүгээс өмнөх уулзалтуудаар тохиролцсоны дагуу цементийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр вагонуудыг нэмж арга хэмжээ авч ажилласан. Дахин вагон нэмэх бололцоо хомс, учир нь вагоны тоо хүрэлцээгүй, мөн ачаа буулгалт буюу эргэлт удаашралтай, цементийн тээвэрт өдөрт 20, 20 вагон гаргавал бусад бараа тээврийн асуудлууд хүндэрнэ зэрэг бодит шалтгаанаа тайлбарлаж байлаа.
Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хүндрэлтэй нөхцөл их байгаа ч цемент бол барилгын салбарын стратегийн гол бүтээгдэхүүн, хомсдол бий болсноос үүдэн бүтээн байгуулалтын ажлууд саатаж, улмаар барилга, орон сууцны үнэ хэт өсч байгааг сануулаад нэг сарын хугацаанд талууд онцгой арга хэмжээ авч ажиллах чиглэлийг өглөө. Тодруулбал “УБТЗ” ХНН-ийн зүгээс вагоны тоог өдөрт 15 болгон нэмэгдүүлэх боломжийг дахин судлаж, хариу өгөхөөр болсон бол үлдсэн вагоны асуудлыг үйлдвэрүүд дотоод нөөц бололцоогоо дайчилж, хувийн хэвшлээс вагон түрээслэх зэргээр шийдэхээр харилцан тогтов. Мөн барилгын материалын 44-ийн зах дээрх цементийн хомсдолтой байдлыг арилгаж, дамжин борлуулалтын өсөлт оруулахгүйгээр үйлдвэрийн үнээр цементийг борлуулах, цаашдаа үйлдвэрүүд үнээ тогтвортой барих, зайлшгүй нэмэх нөхцөл үүсвэл тухайн бодит шалтгаануудаа урьдчилан мэдэгдэж байхыг Барилга, хот байгуулалтын дэд сайд үүрэг болголоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах