Их Британи “омикрон”-ы вакцинд зөвшөөрөл олгосон анхны орон боллоо

Их Британи “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцины шинэчилсэн хувилбарт зөвшөөрөл олгосон анхны орон боллоо. Энэхүү вакциныг коронавирусний “омикрон” хувилбар болон 2020 оноос тархаж эхэлсэн анхны вирусний аль алинаас хамгаалах зориулалттайгаар гарган авчээ.
“Moderna” компанид гарган авсан “COVID-19”-ийн вакцины шинэчилсэн хувилбар Их Британийн Эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын газрын /MHRA/ аюулгүй байдал, чанар, үр дүнгийн стандартад нийцсэн тул насанд хүрэгчдэд нэмэлт тунгийн журмаар хэрэглэхийг зөвшөөрч байна гэж тус улсын Засгийн газраас даваа гарагт гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ.
“Moderna”-гийн мэдээлснээр, эмнэлзүйн туршилтаар уг вакцин “омикрон” хувилбарын эсрэг дархлааны хүчтэй урвал үзүүлж байгааг тогтоосон байна. Үүний зэрэгцээ “омикрон”-ы “BA.4”, болон “BA.5” дэд хувилбаруудын эсрэг үйлчилж байгаа нь харагджээ. Одоогоор уг нэмэлт тунд ямар бүлгийн хүмүүсийг, хэзээнээс хамруулж эхлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд Их Британийн Вакцин, дархлаажуулалтын асуудал хариуцсан хороо холбогдох зөвлөмжийг гаргана.
Сэтгэгдэл үлдээх