Цэс Close

Л.энх-Амгалан: Үйл ажиллагааг нь зогсоож байгаа 13 их, дээд сургуулийн оюутнуудын эрх ашгийг хөндөхгүй

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэв.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв. Засгийн газрын тогтоол, БШУ-ы сайдын тушаалаар 13 дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, найман сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ.

Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана.

21 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна 24 сургуульд зөрчил дутагдлаа засах зургаан  сарын хугацаатай үүрэг өгч байна. Энэ хугацаанд стандарт шаардлагыг хангуулаагүй, хуульд нийцүүлсэн үйл ажиллагааг явуулаагүй тохиолдолд мөн тусгай зөвшөөрлийг цуцлах юм.

Сургалтын үйл ажиллагааг зогсоохоос гадна сургуулиудын хөтөлбөрт мөн шалгалт хийж хүчингүй болгож байна. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжинэ" гэв.

Үйл ажиллагааг нь хүчингүй болгож байгаа их, дээд сургуулийн нэрс:

  1. Газарчин дээд сургууль
  2. Зүүн хүрээ коллеж
  3. Маргад дээд сургууль
  4. Монголын менежмент, технологийн дээд сургууль
  5. Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
  6. Номэра дээд сургууль
  7. Рафлес олон улсын институтын УБ дахь салбар сургууль
  8. Түшээ дээд сургууль
  9. Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
  10. Чингис хаан дээд сургууль
  11. Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууль
  12. Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
  13. Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах