Цэс Close

Г.Занданшатар: УИХ-ын ээлжит бус чуулганаар гурван багц асуудлыг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ. Ээлжит  бус чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. 

Тэрээр... "Олон улсын хурцадмал байдал, цар тахлын хязгаарлалтаас шалтгаалсан цаг үеийн болон онцгой анхаарах асуудлууд, эрх зүйн орчны шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.

Чуулганаар дараах 3 багц асуудлыг хэлэлцэнэ.

Нэгдүгээрт, Монгол Улсын гадаад, дотоод орчин, нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэдээлэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн илтгэлийг сонсоно.

Хоёрдугаарт, Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган завсарлах үеэр цаг үеийн болон онцгой анхаарвал зохих асуудлуудын талаар өгсөн үүрэг чиглэлээ дүгнэж, эдийн засгийн хямралт байдлыг даван туулах, үнийн өсөлтийн болон бусад эрсдэлээс улсын эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг хамгаалах, дэмжих ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны тайлан, санал дүгнэлтийг хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тогтоолын хэрэгжилтийг холбогдох Түр болон Байнгын хороодоор хэлэлцэнэ. Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, хүнсний хангамжийн чиглэлээр хөдөө аж ахуй, эрчим хүч, тээврийн салбарын тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр Түр хороо, Ажлын хэсгүүдийн санал дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэр гаргана.

Гуравдугаарт, Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 02 тоот тогтоол гаргаж, Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх заалтын 2 дахь хэсгийг хүчингүй болгосонтой холбогдон үүсэж буй эрх зүйн орчны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот тогтоолоор Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсний хууль эрх зүйн үр дагаврыг үнэлэн цэгнэж, яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай нөхцөл байдлыг үүсгэлээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байх талаар Үндсэн хуулийн жаран есдүгээр зүйлийн 4-т заасан байдаг.

Түүнчлэн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд бий.

Мөн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд тов тодорхой заасан.

Гэтэл Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэц дүгнэж, хүчингүй болгох шийдвэр гаргасан нь ноцтой үр дагавар үүсгэж болох томоохон алдаа бөгөөд Цэц Үндсэн хуулиас бусад хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх эрхтэй болохоос Үндсэн хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох эрх байхгүй. Харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү Улсын Их Хуралд бий. Тиймээс Цэцийн энэхүү шийдвэр хууль зөрчсөн, ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын бүрэн эрхэд, Үндсэн хуульт байгуулалд халдсан үйлдэл болж, буруу жишиг тогтоолоо гэж зарим судлаачид, түүний дотор Үндсэн хууль тогтоогчдын холбоо үзэж, эсэргүүцлээ илэрхийлж, саналаа албан ёсоор бичгээр ирүүлснийг дурдахгүй өнгөрч болохгүй ээ.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх тул Улсын Их Хуралд хянан хэлэлцэх боломж Үндсэн хуулиар байхгүй, ийм эрх олгогдоогүй. Тиймээс үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн оюун ухаанаа дайчилж, олон нийт, эрдэмтэн судлаачидтайгаа зөвшилцөж, нухацтай хандах шаардлагатай боллоо. Бидний гаргах шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд, төр, ард түмний эрх ашигт бүрнээ нийцсэн байх ёстой. Улсын Их Хурал, Цэц, ер нь аливаа иргэн, байгууллагын бүхий л үйл ажиллагаа, шийдвэр Үндсэн хуулийг даган мөрдөж, сахин хамгаалах зарчмыг баримталж байх нь төр ард түмний туйлын эрх ашигт нийцнэ.

Үүнтэй холбоотойгоор парламентын гишүүдийн тоо, гүйцэтгэх засаглалын чадамж, засаглалын хяналт тэнцэл, парламентын ардчиллыг төлөвшүүлэхтэй холбоотой Үндсэн хуулийн хэрэгжилтийн үнэлгээ судалгаа хийх асуудлыг Үндэсний зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулах замаар, “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлага гарч байна гэж үзэж байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах