У.Хүрэлсүх: Монгол Улс олон улсын энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, энхийг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлсэн бөгөөд түүний хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.
Тэрбээр хэлсэн үгэндээ дэлхий нийтийг энх тайванд уриалсан юм.
- Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган нь цар тахлын дараах дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, олон улсад үүсээд буй хямрал, зөрчилдөөнийг яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна.
- Хүн төрөлхтний өмнө тулгамдсан ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, түүнээс улбаалсан хил гааль, тээвэр, ложистикийн хүндрэл, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт-инфляц болон геостратеги, геополитикийн хурцадмал байдал зэрэг олон хүнд сорилт, бэрхшээлтэй амаргүй хүнд цаг үеийг дэлхий нийтээрээ хамтдаа туулж байна.
- дэлхийн улс орнуудын цэрэг арми, зэвсэглэлд зориулсан зардал байнга өсөж, 2021 онд 2.1 их наяд ам.долларт хүрсэн явдал нь бүх цаг үеийн дээд хэмжээг давлаа хэмээн Стокхольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ.
- Энэ их зардал мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ямар их ахиц дэвшил гарч болох байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ эргэцүүлэн бодож, тунгаан үзэх цаг нэгэнт болжээ.
- Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай явуулж ирсэн бөгөөд манай улсын энэхүү гадаад бодлогыг олон улсад сайшаан дэмжиж байдгийн тод илрэл нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн 08 дугаар сард Монгол Улсад айлчлахдаа “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхийд энх тайвны бэлэг тэмдэг болсон улс” хэмээн онцлон хэлсэн явдал юм.
- Монгол Улс олон улсын энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, энхийг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож, олон санал, санаачилга дэвшүүлэн ажилласан бөгөөд үүний тод жишээ бол өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан явдал билээ.
- Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгоход цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг бий болгох явдал хамгийн зөв, үр дүнтэй арга зам мөн хэмээн Монгол Улс үздэг. Иймээс Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн нь дэлхий нийтээрээ цөмийн зэвсгээс ангид байх хүчин чармайлтад оруулж буй бодит хувь нэмэр гэж үзэж байна.
- Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор манай улсын 20 мянга орчим цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаанд оролцож, дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсээр ирлээ.
- Монгол Улс Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд хувь нэмэр оруулахын тулд Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг тууштай дэвшүүлж ирсэн.
- Гурав дахь жилдээ үргэлжилж буй КОВИД-19 цар тахал болон геополитикийн зөрчилдөөнөөс үүдсэн эдийн засгийн өргөн хүрээтэй хориг саад, хязгаарлалт нь улс орнуудын эдийн засагт хүнд цохилт болж, хүнс, шатахуун, хөдөө аж ахуйн болон эрчим хүчний гол түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийг урьд өмнө байгаагүйгээр огцом нэмэгдүүлж, дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийг хэлбэлзүүлж, томоохон эрсдэл үүсгээд байна.
- Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хорогдол, цөлжилт, хөрсний доройтол, усны хомсдол, ган гачиг зэрэг асуудал хүн төрөлхтний өмнө хүнд сорилт болж, шийдлээ хүлээсэн хэвээр байгааг бид бүхэн огт мартаж болохгүй
- Бүс нутгийн болон олон улсын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд Монгол Улс бодит хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллах байр суурьтай байгаагаа дахин илэрхийлж байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) хүлээн авч, зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаагаа Та бүхэнд дуулгая.
Сэтгэгдэл үлдээх