Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг ОГЦРУУЛАХ захирамж гаргалаа
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулах захирамжийг Ерөнхий сайд гаргасан талаар мэдээллээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл дундаа гаргасан алдааг Монголын ард түмэн шүүмжиллээ. Хоёр өдрийн туршид Монголын ард түмэн сайдын хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан ихээхэн шүүмжлэлийг Засгийн газар, салбар эрхэлсэн сайдад ирүүлж байна. Үүнтэй холбогдуулж Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэддээ бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл сайд Үндсэн хуулийн тодорхой зүйл заалт зөрчсөн үйлдлийг гаргасан.
Тухайлбал, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Хүнийг үндэс угсаа, хэл, арсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал шашин шүтлэг үзэл бодол боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг. Мөн 19 дүгээр зүйл “төр хүний эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцдаг” заалт байдаг. Эдгээр заалтыг зөрчсөн үйлдлийг Засгийн газрын гишүүн, улс төрийн албан тушаалтан гаргасан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дараах захирамжийг гаргалаа" гэлээ.
Ерөнхий сайд МАН-ын даргын хувьд МАН-ыг төлөөлж УИХ, ЗГ-т сонгогдон ажиллаж буй улс төрчидтэй хариуцлага, ёс зүйн гэрээ хийдэг. Наймдугаар сарын 30-нд шинэ сайд нар албан ёсоор ажилдаа томилогдсон өдөр тус гэрээг үзэглэсэн байдаг. Энэхүү гэрээний дагуу улстөрийн хариуцлага хүлээлгэж байгаа гэдгийг онцолоо. Д.Сарангэрэл сайдыг чөлөөлсөн тул дараагийн сайд томилогдох хүртэл ХНХ-ын сайдын ажлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ажиллах юм байна.
Д.Сарангэрэл сайд ярихдаа “манай яамныхан” гэж дурдсан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд өнөөдрөөс эхлэн миний бие шалгалт оруулна. Ард иргэд нийгмийн давхаргыг ангилж байгаа байдал болон бусад зүйлд хяналт шалгалт хийгээд, эргээд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэд олон нийтэд мэдээлнэ гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх