Судалгаа: Үнийн өсөлтөөс үүдэж бизнесийн ашиг дунджаар 52 хувиар буурсан байна
МҮХАҮТ-аас цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгааг хийжээ. 2022 оны 8 сарын 25-аас 9 сарын 4-ний өдрүүдэд цахим ба анкетын хэлбэрээр Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 1073 бизнес эрхлэгчдийг хамруулсан судалгаа явуулсан.
Нийт ажил эрхлэлт 2022 оны II улиралд өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өссөн боловч 2020 оны мөн үеэс 1.7 хувиар буурсан буюу цар тахлын нөлөөтэй уналтаас бүрэн сэргээгүй байна.
2022 оны II улиралд
- хөдөө аж ахуй 1,4 хувь
- барилга 2,4 хувь
- санхүүгийн үйлчилгээ 20,8 хувь
- худалдааны салбар 4 хувь өмнөх оны мөн үеэс буурсан
- Бусад салбар 2021 оны эхний улиралд тохиосон ажил эрхлэлтийн огцом бууралтыг аажмаар нөхөж байна.
Монголбанкны төсөөллөөр Монгол улсын эдийн засаг 2022 онд 2.4 хувь, 2023 онд 5.9 хувь өсөх төлөвтэй байна. Харин Дэлхийн банкны хувьд Монгол улс 2022 оны 2.5 хувь, 2023 онд 5.8 хувь өснө гэж таамаглаж байгаа.
- 2022 оны 9 сарын байдлаар судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 79% нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бол 21% нь хэвийн, тогтвортой ажиллаж чадахгүй байна. Аж ахуйн нэгжүүдийн 86%-ийн үйл ажиллагаа нь ямар нэг түвшинд сэргэсэн ба дунджаар хүчин чадлынхаа 47.5% орчим хувийг ашиглан ажиллаж байна. Тээвэр, гадаад дотоод худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, барилгын салбарт “сэргэж чадаагүй” аж ахуйн нэгжийн тоо илүү олон байна. Цар тахал бизнесийн борлуулалт (61%), үйл ажиллагааны тасралтгүй байдал (48%), бараа бүтээгдэхүүн, нөөц хөрөнгөд (47%) хамгийн ихээр нөлөөлжээ;
- Үнийн өсөлт бизнес эрхлэгчдийн 96%-д нь тогтмол болон заримдаа давтамжтай сөрөг нөлөөтэй мэдрэгдэж байна. Үнийн өсөлтийн дарамт бизнес эрхлэгчдийн 43%-д нь сүүлийн хагас жилийн хугацаанд, 57%-д нь хагас жилээс дээш хугацаанд мэдрэгдэж, бизнесийн ашиг дунджаар 52%-аар буурсан байна. Бизнесийн үйл ажиллагаанд түүхий эд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өссөн (70%), үйл ажиллагааны зардал өссөн (65%), цалин ажиллах хүчтэй холбоотой зардал өссөн (54%), борлуулалтын хэмжээ буурсан (50%) зэргээр үнийн өсөлт нөлөөлж байна;
- Бизнес эрхлэгчдийн 71% нь зээл авахаар аль нэг банк санхүүгийн байгууллага, хувь хүнд хандсан бөгөөд дөнгөж 27% нь зээлээ авч чадсан. Зээл авахад хүүгийн түвшин өндөр (75%), барьцаа хөрөнгийн шаардлага хангаж чадахгүй (59%), хугацаа хангалттай урт биш (50%) зэрэг хүндрэл үүсэж байна. Мөн бизнес эрхлэгчдийн 66% нь зээлийн олдоц муу байна гэж үзсэн;
- Цар тахлын өмнөх үеэс аж ахуйн нэгжүүдийн 49% нь ажилтны тоог цөөлсөн бол 43% нь өөрчлөлт оруулаагүй, 8% нь ажилтны тоог нэмсэн. Аж ахуйн нэгжүүдийн 58%-д нь шаардагдах мэргэжлийн ажиллагсад дутагдалтай байгаа ба мэргэжлийн ажиллах хүчний хомсдол нь бизнест сөрөг нөлөөтэй байдаг гэжээ. Гадаад худалдаа, аялал жуулчлал, хүнсний боловсруулах үйлдвэрлэл, тээврийн салбарт мэргэжлийн ажиллах хүч илүү ихээр дутагдаж байна. Аж ахуйн нэгжүүдийн 68% нь цалингийн зардлыг ямар нэг хэмжээгээр өсгөсөн байна;
- Аж ахуйн нэгжүүдийн 83%-д нь ханган нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал гарч, холбогдох зардал дунджаар 43.7%-аар өсөж, бараа материал хүлээн авдаг хугацаа энгийн үеэс дунджаар 17 ба түүнээс дээш хугацаагаар хоцорч зарим тохиолдолд хэзээ хүлээн авах нь тодорхойгүй болсон байна. Ханган нийлүүлэлт тасалдаж байгаа нь түүхий эд, бараа үйлчилгээний үнэ өсөх (66%), түүхий эд материал олж авахад хүндрэлтэй болсон (45%), бараа үйлчилгээг цаг хугацаандаа хэрэглэгчдэд хүргэж чадахгүй болсон (30%) зэргээр бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж байна;
- Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 58% нь гадаад төлбөр тооцоо гүйцэтгэхэд төлбөр тооцоо саатах, төлбөр тооцоо хийх гадаад валютын олдоц муу зэргээр хүндрэл үүсэж байна;
- Аж ахуйн нэгжүүдийн 48%-ийн үйл ажиллагаанд ОХУ-Украйны нөхцөл байдал нөлөөлсөн ба бараа материал түүхий эдийн олдоц муудсан, тээвэр логистик саатсан зэрэг хүндрэлүүд үүсгэж байна.
Бизнес эрхлэгчдийн зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:
- Бизнес эрхлэгчид үнийн өсөлтийн бизнес дэх сөрөг нөлөөг бууруулж, үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор үйл ажиллагааны зардлаа хэмнэх, эргэлтийн хөрөнгө, зардлын бүтцэд шинжилгээ хийх, хэрэглэгч үйлчлүүлэгчээ авч үлдэх зорилгоор хямдрал урамшуулал олгох, ажлын байраа цомхотгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна;
- Ханган нийлүүлэлтийн тасалдлын үед чухал шаардлагатай хангамжийг нийлүүлэхийн тулд илүү уян хатан, шуурхай шийдвэрлэх, өөр ханган нийлүүлэгчидтэй сэлгэн ажиллах, дотоод ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгон ажиллаж байна;
- Шаардлагатай ажиллагсдаа авч үлдэхийн тулд шинэ бодлого, стратеги хэрэгжүүлэх, оффист болон зайнаас хослон ажиллах горимыг нэвтрүүлсэн байна. Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 85% нь шаардлагатай ажиллагсдаа өөрсдөө сургаж ажиллаж байна.
Шаардагдах Төрийн дэмжлэг:
- Бизнесийн үйл ажиллагаа бүрэн сэргэхэд хил, боомтын асуудлууд шийдэх, тээвэр логистикийн асуудлууд шийдэх, хөнгөлөлттэй зээл, санхүүжилт олгох;
- Харин бизнес дэх үнийн өсөлтийн нөлөөг бууруулах чиглэлд түр хугацааны татварын хөнгөлөлт дэмжлэг (70%), бага хүүтэй урт хугацаатай зээл олгох (69%), түүхий эд хил гаалиар нэвтрүүлэхэд шуурхай нэвтрүүлэх;
- Ажлын байрыг нэмэгдүүлж, шаардагдах мэргэжлийн ажиллах хүчийг нэмж ажиллуулахад мэргэжлийн ажиллах хүчээ хадгалж буй ажил олгогчид санхүү, татварын дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн ажиллах хүчээ сургаж мэргэшүүлэхэд санхүү, татварын дэмжлэг үзүүлэх, төрөөс нэгдсэн үр дүнтэй арга хэмжээ, стратеги төлөвлөгөө батлах;
- Ханган нийлүүлэлт тасалдаж, хоцорч байгаа сөрөг нөлөөллийг бууруулахад хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн болгох (73%), түүхий эдийн экспорт/импорт хийхэд хил, гаалиар шуурхай горимоор нэвтрүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого шийдвэр гаргах зэрэг нь чухал дэмжлэг болно гэжээ.
Сэтгэгдэл үлдээх